Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн хэвшлийн манлайлагчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хүргүүлэх санал боловсрууллаа

ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 5-р сарын уулзалтаа Монголын улс төр, нийгмийн бие даасан судалгааны байгууллагуудын тэргүүнүүдтэй Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.

Уулзалт “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хувийн хэвшлийнхний хүргүүлэх санал” сэдвийн дагуу хэлэлцүүлэг байдлаар явагдсан ба илтгэгчдээр ДеФакто институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Сант Марал сангийн захирал Л.Сумати болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол улсыг хариуцсан захирал Ашлей Велан нар оролцлоо.

 

Энэхүү уулзалтад АмЧам-ийн гишүүдийн гүйцэтгэх удирдлагууд болон Монголын тэргүүлэх бизнесийн төлөөллөөс бүрдсэн бизнес эрхлэгчид оролцож зочин илтгэгчидтэй Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилго, тулгамдаж буй асуудлууд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хүргүүлэх хувийн хэвшлийнхний санал, болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төрийн төлөв байдал зэрэг сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

ДеФакто институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан
Хэлэлцүүлгийг эхлүүлж хэлэхдээ

 
"Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэргэжлийн мэтгэлцээн хэлэлцүүлгийг голлох сэдвүүдийн хүрээнд бие даасан хөтлөгчтэйгөөр явуулах хэрэгтэй" гэсэн ба мөн тэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд авлигалыг бууруулах үүргийн чухлыг онцолсон юм.  

Сант Марал сангийн захирал Л.Сумати
Монголчуудын авлигалын талаарх хандлагын тухайд хэлсэн үгэндээ

 
“2008 онд Монголчуудын 84% нь авлигал бол газар авсан үзэгдэл болсон гэж харж байсан бол 2017 онд 86% нь мөн тэгж үзжээ. Өөрөөр хэлбэл эерэг өөрчлөлт гарсангүй” гэж цохон тэмдэглэв.
Мөн ноён Л.Сумати улс төрчдийн амлалтандаа хүрэхгүй байгааг онцолж хэлэхдээ “Улс төрчид сонгуулийн үеийн амлалтандаа залуучуудыг  дэмжинэ, хувийн хэвшлийг дэмжинэ гэж ярьдаг ч эрх мэдэлд хүрээд яг эсрэгээр нь ажиллах тохиолдол их байдаг” хэмээсэн юм.   

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол улсыг хариуцсан захирал Ашлей Велан
Хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ

 
“Улс төрчид өмнөхөөсөө  хэрхэн өөр байж чадах вэ гэдгээ аль болох тодорхой харуулах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр, бодлогын чиглэлүүдээ хувь хүнд хүртээмжтэй, хамаатай байлгаж чадвал хүмүүс анхаарал хандуулж, сонгуульд идэвхитэй оролцох болно” гэсэн юм. 

АмЧамын ТУЗ-ийн дарга бөгөөд МахониЛиотта хуулийн фирмийн партнер Жэймс Лиотта
Уулзалтыг хааж хэлсэн үгэндээ

 
“Өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирж хувийн хэвшлийг цаашид хөгжүүлэхэд  юу хийх хэрэгтэй талаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд саналаа хүргүүлж байгаа гишүүддээ талархаж байна.
АмЧам Монгол нь Монгол Улсад бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хүчирхэг хувийн хэвшлийг бий болгохын төлөө шинээр сонгогдох Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн онцлон тэмдэглэв.

АмЧамын Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм.

Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.