Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбай дээр гадаад паспортын сунгалт хийж байна

ikon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.

Энэхүү “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм. Өдөрлөг маргааш дуусна. 

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх агуулгаар ажиллаж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Нээлтийн үйл ажиллагааг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт “ Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд энэ оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх агуулгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Иргэддээ өдөр бүр нээлттэй байж, иргэдтэйгээ аль болох хамтран ажиллах, тэдний эрх, ашиг сонирхлыг хэзээ ямагт хөнгөн шуурхай хангах асуудалд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг тусгах, яамнаас үзүүлдэг лавлагаа мэдээллээр хангах  ажиллагааг ямар нэгэн саадгүйгээр гүйцэтгэхээр ажлаа зохион байгуулж байна.

Нийгэмдээ нээлттэй, иргэндээ ээлтэй эрх зүйн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхэд Та бүхний итгэл дэмжлэг, санал санаачилга бидний хувьд мөнхийн түшиг тулгуур байх болно” гэв.

 Өнөөдрийн өдөрлөгөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээг танилцуулъя

 
Гэрэл зургийг mpa.mn

2017.05.17-ны өдөр

Хууль зүй, дотоод хэргийн яам: Батлагдсан хууль, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, боловсруулж байгаа гол гол хууль, хуулийн төслийн талаар сонирхсон иргэдэд хууль боловсруулагчид нь нээлттэй мэдээлэл өгнө.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг танилцуулна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар: Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх; хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Түүнчлэн иргэдэд ТҮЦ машинаар үйлчилж, дараах лавлагаа мэдээллийг өгч ажиллана.

Үүнд:

  •  Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  • Гадаад паспортны сунгалт

Хил хамгаалах ерөнхий газар: Хилийн цэргийн төв архивын лавлагаа гаргах, хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, иргэдийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа гаргах, гэрээт хилчний албаны талаар мэдээлэл өгнө.

Архивын ерөнхий газар: “Архивын түүхэн хөгжил болон архивын сан хөмрөгийн дээжис” бичил үзэсгэлэн зохион байгуулна 

1933,1944,1956 оны хүн амын тооллогын лавлагаа болон өдөрлөгт оролцогч эхний 100 хүний нэрийг Монгол бичгээр бичиж өгөх юм.

Хууль сахиулах их сургууль: ХСИС-д 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах иргэдийн цахим бүртгэлийг зохион байгуулна.

Их сургуулийн эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээл,”Монгол гав”, Гарын мөр илрүүлдэг хар нунтаг, онцгой байдлын шланк эвхэгч зэрэг инновацийн бүтээлийг танилцуулахаар төлөвлөж байна.

Мөн энэ үеэр шинэ номын үзэсгэлэн худалдаа ч зохион байгуулах ажээ.

Хууль зүйн үндэсний хүрээлэн: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангаас эрх зүйн актын лавлагаа, мэдээлэл өгөх, шинэ хууль тогтоомжийн танилцуулга,  хямдралтай номын худалдаа зохион байгуулна.

Маргаашийн өдөрлөгөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүргэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн ерөнхий газар: Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгоно.

Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах,

Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах,

Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгнө.

  • Жолоочийн бүртгэл, жолоодох эрх сэргээх лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж шалгалт авах талаар мэдээлнэ. 
  • Хуучирч муудсан болон хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох,
  • Хаясан гээсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаадын иргэдийн жолоодох  эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол улсын жолооны үнэмлэх олгох, ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Мөн иргэн та ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхоорой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар: Иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох үйлчилгээ үзүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага тараана.

  • Суллагдсан ялтны тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтантай ар гэрийнхнийг нь утсаар яриулах үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Иргэдэд өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Хууль зүйн туслалцааны төв: Улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө. Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдөл хүлээн авч тухайн гэмт хэргийн харьяалалаар нь улсын өмгөөлөгч томилно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн: Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх, хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах, Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, иргэдийн цусны бүлгийг тодорхойлох, тус хэлтэст хийгддэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгөх

Гадаадын иргэн харьяатын газар: Эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгнө.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг: Иргэдэд даралт үзэх, Өндөр жин үзэх, Цусан дахь хүчилтөрөгч тодорхойлох үйлчилгээ үзүүлэх , Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах , Витаминжуулах  арга хэмжээ зохион байгуулна. 

Нээлттэй хаалганы өдөрлөгийн эхний өдөр буюу 17-нд  ХЗДХЯ, ХХЕГ, ОӨУБЕГ,  АЕГ, ХСИС, ХЗҮХ, Нотариат, хоёр дахь өдөр буюу 18-нд  ЦЕГ, ШШГЕГ, ГИХГ, ШШҮХ, ХЗТТ, ТТАХНЭ зэрэг байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах юм.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn