Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ikon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдан, нэр томъёоны талаарх редакцийн саналыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан гэлээ.

Түүнчлэн холбогдох хуулийн дагуу чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлээр төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, төслийн зарим зүйл заалт хоорондоо, эсхүл мөрдөж буй бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн.

Гэвч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэлээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэг үндэслэлээр хувь хүн болон хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалтын талаар асуулаа.

2015 онд батлагдсан, энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулиар хуулийн этгээдтэй бус тухайн албан тушаалыг гүйцэтгэж буй хувь хүнтэй хариуцлага тооцохоор зохицуулалттай байгаа нь ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцэхгүй хэмээн үзсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн хэлбэр, төрөл олон болсон тул ямар нэг хууль зөрчих үйлдэл хийсэн албан тушаалтан, хувь хүн хариуцлага хүлээхийн зэрэгцээ тухайн албан тушаалтан, хувь хүнийг хууль зөрчих үүрэг өгсөн хуулийн этгээд мөн хариуцлага хүлээх нь зүйтэй хэмээн үзэж дээрх зохицуулалтыг тусгасан гэв.

Мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг гэх мэт тодорхой тооны хууль зөрчсөн үйлдлийг аль нэг хуулийн этгээдийн эзэмшигч, хөрөнгө оруулагчдын шийдвэрээр гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлсэн нь нотлогдвол тухайн захиралд л хариуцлага тооцдог.

Үүний цаана үүрэг, чиглэл өгсөн хуулийн этгээдийн удирдлагууд, эзэмшигчид хариуцлага хүлээлгүй үлддэг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэдэг чиглэлийг барьж, хуулийн төслийг боловсруулсан аж. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байгаа бол хэлэлцэж буй төслөөр энэ тоог бууруулж 30 орчим зүйл, заалтын хүрээнд хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулахаар өөрчилсөн байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг хууль зөрчсөн үйлдлүүдэд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага ногдуулахыг эсэргүүцэхгүй байгаа ч 30 гаруй зүйл заалтын хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалт нь бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тун хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж болохыг сануулж байв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь хуулийн төсөл дэх зарим нэр томъёо, тодорхойлолт хоорондоо зөрчилтэй байгаа, үүнээс үүдэн зарим тохиолдолд ял завших эрсдэл үүсэхээр байгааг хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээс санал хураалт явуулан шийдвэрлэв.

Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөл дэх “...олсон орлогыг хураана...”, үүний зэрэгцээ 100 сая төгрөгөөр торгохоор тусгасан зохицуулалтын талаар тодруулан асууж, энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт болох эрсдэлтэй талаар санал хэллээ.

Хуулийн төслийн тусгай ангид заасан хууль бусаар олсон орлогыг хураах тухай зохицуулалтууд нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй хуулиудад байгаа, хэлэлцэж буй төсөлд одоо мөрдөгдөж буй хувилбараар нь тусгасан болохыг Ажлын хэсэг тайлбарлав.

Энэ тохиолдолд хууль ёсны орлогын талаар огт хөндөөгүй, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг хураахтай холбоотой зохицуулалт гэлээ.

Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан 1600 зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байгаа, үүний найм нь банктай холбоотой заалт хэмээн Ажлын хэсэг хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Батнасан хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна.

Энэ нь иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гээд 10 сая төгрөгийн торгууль төлөх, харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан гээд 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй болж буйг хэллээ.

Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд иргэдэд ээлтэй, бизнес орчноо дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг мөн тэрбээр онцолсон.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн этгээдийн зөрчлийн торгуулийн хэмжээ 100 сая төгрөг байгааг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төгсөлд нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс