Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярмаа: Амин дэмээс шалтгаалж жирэмсэн үеийн таргалалт нэмэгдэж байна

Б.Төгөлдөр
2017 оны 5 сарын 8
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрөгч баасан гарагт олон улсын эх баригчдын өдөр тохиосон. Манай улс 2007 оноос хойш жип бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн тухайд "Жирэмсний таргалалтаа хамтдаа сэргийлье" уриатайгаар өнгөрүүллээ. Бид “Өглөөний зочин”-оор Нийслэлийн “Өргөө" амаржих газрын төрөх тасгийн эх баригч, бага эмч Д.Баярмааг урьж, ярилцлаа.

-Танд олон олон эмэгтэйчүүдийн өмнөөс Эх баригчдын өдрийн мэндийг хүргэе. Таныг 20 гаруй жил эх баригчаар ажиллаж байгаа гэж сонссон. Хэдэн жил ажиллаад, хэчнээн хүүхдийн хүйн ээж болов доо?

-Би 1996 онд Дархан-Уул аймаг дахь Анагаахын дунд сургуулийг Эх баригчаар төгссөн, 21 жилдээ ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 16 жил ажиллаад, “Өргөө" амаржих газар тав дахь жилдээ ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 7,000-8,000 эхийг эсэн мэнд амаржуулж, мөн төдий хэмжээний хүүхэд эх бариад байна.

-Орон нутагт болон хотод ажилласан гэхээр ажлын байрнаас эхлээд хоорондоо ялгаатай зүйл их байгаа байх?

-Орон нутагт бол бид хэдийгээр эх баригч боловч их эмчийн үүрэг л гүйцэтгэнэ шүү дээ. Жирэмсэлсэн үеэс эхэлж хянаад л төрөөх үйл явц, төрсний дараах нярай үеийн эргэлт гээд бүтэн жилийн хугацаанд ээж, хүүхэд хоёрыг хариуцаж ажиллана. Дотрын болон эмэгтэйчүүд, хүүхдийн гээд янз бүрийн өвчний шалтгаанаар дуудсан дуудлагад алслагдсан баг, бригадаар хонон, өнжин явна. Хөдөөд бол цаг нар гэж байхгүй шүү дээ.

Ерөнхийдөө их эмчийн ажлыг л хийнэ дээ. Харин хотод, төрөлжсөн тусгай мэргэжлийн тасагт яг л нэг чиглэлээр ажиллаж, хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж нь орчин үеийнх гэдгээрээ онцлог ялгаатай. Мэдээж нэг чиглэлээ барьж ажиллаж байгаа болохоор төлөвлөгөөний дагуу, мэргэшлийн хувьд ч илүү хөгжих боломжтой болдог.

-Олон жил эх баригчаар ажилласан хүний хувьд иргэдийн эрүүл мэндийн талаар асуумаар байна. Анх ажиллаж эхлэх үе болоод өнөөгийн төрж буй эмэгтэйчүүд болон нярайн эрүүл мэндийн байдал хэр өөрчлөгдөж байна вэ?

-Асар их ялгаатай болсон шүү. 20 жилийн өмнө би эх баригчаар ажилд ороод анхны төрөлт эх барьж байсан. Тухайн үед ээж нь 22 настай байсан гээд бодоход хүүхэд нь одоо том болсон.Тэр ээжийн хувьд хотод ажил хийж байгаад ирчихсэн, ямар ч хяналтад ороогүй байсан. Гэхдээ ямар нэгэн хүндрэлгүй, маш сайхан төрж байлаа. Түүнээс хойш эхэс түрүүлэлттэй, даралт өндөртэй гэх зэрэг олон ээжийг эсэн мэнд амаржуулсан. Тэр үед 30 гарчихсан эмэгтэйчүүд төрж байсан.

Тэд маань одоо 40 гарсан эмэгтэйчүүд гэсэн үг шүү дээ. Одоогийнхтой харьцуулбал тэдний бие махбод ёстой сайн байсан. Би заримдаа тэднийг эрүүл мэндийн хувьд хуучин цагийн хүмүүсийн төгсгөл болох нь дээ гэж жаахан харамсдаг шүү. Даралт ихсэлт, жирэмсний хожуу үеийн хордлого зэрэг эмгэг, өөрчлөлт тухайн үед маш ховор байсан. ​Жирэмсэн үеийн таргалалт, түүнээс үүдсэн хүндрэл бага байсан.

Мэдээж идэж, уудаг хүнсний бүтээгдэхүүн, цаг агаар зэрэгтэй холбоотой байх л даа. Орон нутгийнхан бол янз бүрийн амин дэм урт удаан хугацаагаар хэрэглэхгүй. Цагаан идээгээр л голлоно шүү дээ. Янз бүрийн хүндрэл бага байна гэдэг нь эхнээсээ л тээлтийн үеэс л зовир шаналгаа багатай байсан гэсэн үг. Хотод таван жил ажиллахад хүний биеийн физиологи, ясжилт их мууджээ гэж бодох болсон. Тэр нь ч ажиглагдаж байгаа.

Эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө гээд амин дэмийг их хэрэглэж байна. Сүүлийн үед ургийн гажиг их байдаг болсон. Түүнээс сэргийлж байна гээд 4-5 сараар амин дэм, янз бүрийн коктейл хэрэглэх болж. Үүнээс үүдээд таргалалт нэмэгдсэн. Мөн тонус өгч байна гэдэг шалтгаанаар булчин суллах тариа их хийлгэдэг болсон. Энэ нь ургийн жинг нэмдэг. Өдөрт 10-аад хүүхэд төрөхөд тэдний 30-40 хувь нь жингийн илүүдэлтэй байх жишээний. Ихэнх нь 4-өөс дээш кг байдаг. Ураг том байна гэдэг нь ээжид бол дараа нь эхэс салах, умай агших зэрэгт эрсдэлт хүчин зүйлүүдийг дагуулдаг.

-Уг нь урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэдэг ч амин дэмүүд эргээд эрсдэл үүсгэж байна гэж ойлгож болох уу?

-Орон нутагт бол нэмэгдэж ургийн гаж хөгжил, дутуу төрөлт, зулбалт, өсөлтгүй жирэмсэн зэргийг бараг сонсохгүй. Жирэмслэлээ, төрлөө л гэдэг. Харин хот газар жирэмслэлт нь хэвий-явагдаж буй ээж 10 төрөлтийн бараг хоёр нь г байна. Нийгэм, хүмүүсийн амьдралын хэв маяг үүнд их нөлөөлдөг. Дээр нь дам яриа. Ээжүүд хоорондоо сошиал ертөнцөд групп үүсгэж бие биенийхээ дам яриа, зөвлөгөөг их дагах болж.

Тийм амин дэм хэрэглэхгүй бол болохгүй гээд л ер нь сайн гэж хэлсэн, бүхнийг л өөртөө хэрэглэж байна. Яг анзаарвал нийгмийн эмзэг бүлгийнх гэгддэг ээжүүд бусдыгаа бодвол тун дажгүй сайхан төрж байгаа хандлага ажиглагдаад байгаа. Тэд маань бусдыг бодвол бичиж өгсөн бүхий л амин дэмийг байнга, урт хугацаанд хэрэглэж чаддаггүй байх. Гэсэн хэдий ч хүндрэл үүсэх нь бага байдаг.

-Таныг ажлынхаа хажуугаар судалгаа хийдэг гэж сонссон.

-Тийм ээ. Сая Анагаахын шинжлэх ухааны сургуулийн багш Жаргалсайхан, манай эмнэлгийн Оюунчимэг эмч нартай хамтарч “Жирэмсэн ээжийн таргалалт” сэдвээр судалгаа хийж, гадаад руу илтгэлээ илгээсэн. Энэ маань гадаадын хэвлэлүүдэд нийтлэгдэх зөвшөөрлөө авчихсан байгаа.

-Сая Эх баригчдыг өдрийг бас “Жирэмсэн ээжийн таргалалт” сэдвийн хүрээнд өнгөрүүлсэн байх аа?

-Тэгсээн. Бид судалгаандаа жирэмсэн үед хэрэглэж буй амин дэмүүд, тэдгээрээс үүссэн жирэмсэн эхийн таргалалт, эхэс дээр судалгаа хийх байдлаар ажилласан. Эмч, эрдэмтийн хувьд нэлээд сайшаасан. Эцсийн дүгнэлт нь жирэмсэн ээжүүд урт хугацаагаар амин дэм хэрэглэснээр таргалалт их явагдаж байгаа нь харагдсан. Судалгаанд 200 орчим эхийг оролцуулсан. Оролцогчдын хувьд амин дэмийг багадаа дөрвөн сарын хугацаанд хэрэглэсэн байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд би эмэгтэйчүүдээс эрүүл мэндийн боловсролын талаар асуулга оруулсан юм.

Энэ талаар хаанаас мэдээлэл авдаг вэ гэхэд цөөн тохиолдолд дүүрэг, өрхийн эмнэлгээс гэдэг хариултыг өгсөн нь их харамсалтай юм. Ихэнх нь буюу 60-70 хувь нь огт мэдээлэл авдаггүй гэж байгаа юм. Ингэхээр эмэгтэйчүүд, ээжүүдийн эрүүл мэндийн боловсрол маш муугаас шалтгаалан ам дамжсан сайн гэсэн болгоныг хэрэглэж байна гэсэн үг. Тиймээс өрх, дүүргийн анхан шатны эмнэлгүүдэд эмэгтэйчүүд, эх барихын эмч нарыг ажиллуулах саналыг манай эмч нар удаа тавьж байгаа. Тэнд энэ чиглэлийн эмч нар ажилласнаар жирэмсэн ээжүүдэд тохиолдох хүндрэл, эрсдэлүүд илүү багасна. Мэдлэгтэй ээж нар бол жирэмслэхээс өмнө суурь өвчнөө эмчлүүлэхээс л эхэлнэ шүү дээ.

-Мэдээж одоо шууд мэргэжлийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нарыг анхан шатны эмнэлгүүдэд ажиллуулна гэдэг боломж тааруу байх. Тиймээс ядаж сургалт, семинарууд бол явагдаж байгаа биз дээ?

-Энэ төрлийн сургалтуудыг байнга хийж байгаа. Уг нь бүр ерөнхий боловсролын сургуульд нөхөн үржихүйн хичээлийг хуваарийн дагуу явуулах ёстой. Гэвч ийм зүйл алга. Сүүлийн жилүүдэд бүр таг болсон. Энэ нь эргээд хүүхдүүд эрт бэлгийн харилцаанд орж, залуу ээжүүд олширч байна. Тоглох, сурч боловсрох цагтаа хүүхэд тэврээд л сууж байна шүү дээ. Нийгэмд тулгарч буй том асуудал, алдаа. Одоо Эрүүл мэндийн газраас мөн сургагч багш нарыг бэлтгэж байна. Тэд маань нэлээд арга хэмжээ авч цаашдаа эерэг үр дүн гарах байх.

-Та сая эрт бэлгийн харилцаанд орж, залуу ээж нар нэмэгдэж байна гэлээ. Мэдээж эрүүл мэндийн боловсролтой холбоотой гэдгийг ч хэлж байна. Гэтэл нэлээд боловсролтой ч амьдралын хэв маягаасаа болоод төрөлтөө хойш тавьсаар нэлээд хожуу төрөгчид ч бас нэмэгдсэн гэх юм билээ?

-Хожуу жирэмслэлтүүд их болсон. 34-тэй, 40-тэй анхан төрөгч гээд орж ирдэг. Тэд нар маань эрсдэл дагуулдаг. Энэ нь манай монголын нийгэм, эдийн засгийн байдал зэрэг л нөлөөлж байна л даа. Гадаадад сурч, ажиллахаас эхлээд л насны хожууд амьдралдаа анхаарч байна. Хожуу жирэмслэлт бол ихэнхдээ кесоровоор төрж байна. Суурь өвчин, насны байдал нөлөөлдөг гэдгийг бүсгүйчүүд маань сайн ойлгох хэрэгтэй юм даа, уг нь.

-Сүүлийн жилүүдэд кесеровоор төрөх нь элбэг болсон. Болж л өгвөл өөрөөрөө төрөхгүй санаатай?

-Кесеров хийлгэх нь хүн бүхний хүссэнээр шийдэх юм биш л дээ. Дэлхийн жишгээр бол нийт төрөлтийн 17-18 хувийг кесеровоор шийдэж байвал тухайн улс, эмнэлгийн төрөлтийн үйл явц хэвийн явагдаж байна гэж үздэг. Гэтэл манай улсад 30 орчим хувь нь кесеровоор шийдэгддэг. Энэ нь ерөнхийдөө нийт төрөлтийн ихэнх хувь гэж үзэгддэг. Төрөх, амаржих арга барил хоцрогдож байна гэж үздэг.

Яг манай амаржих газар бол гэр бүлийн хүсэлтээр кесеров хийдэггүй. Эрүүл мэндийн ямар нэгэн заалтаар буюу эх, урагт хүндрэл гарсан, гарах магадлалтай тохиолдолд зөвшөөрдөг. Өмнө нь нэгэнт кесеровоор төрсөн ээжүүдийн 3-5 орчим хувь нь өөрөөрөө төрдөг. Заалтын хувьд өмнө нь кесеровоор төрсөн бол дapaa нь дахиад тэгж төрөх учиртай.

-Та түрүүнд яриандаа ээжүүд өөртөө болон урагтаа анхаарч байна гээд амин дэм их уудаг гэсэн. Таныхаар бол юу гэж зөвлөх вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт эрт хамрагдаж, жирэмсэлсэн бол хяналтдаа эрт орох, эрүүл мэндийн боловсролыг албан ёсны гарын авлагуудаас олж авах, сургалтуудад оролцох, охиддоо анхаарал сайн тавьж, дотно зөвлөгч байгаач л гэмээр байна. Бид эрүүл хүүхдээс л эрүүл ач, зээ хүлээж авна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зураг