Уншиж байна ...
Зураг
Зураг

ПАРИС 2024: Б.Бат-Эрдэнэ, М.Лхагвагэрэл нар олимпын эрхээ авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Киргизийн Бишкек хотод "Парис 2024" чөлөөт бөхийн олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн боллоо.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-д эрхийн төлөө хүч сорьсон юм. 

Эрчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Йорданы Шамил Исаковыг 9:1-ээр илүүрхэж, хагас шигшээд БНХАУ-ын Лин Жу Шенийг 1:1 буюу сүүлийн оноогоор ялснаар олимпын эрхээ авлаа.

125 кг-д М.Лхагвагэрэл эхний даваанд Энэтхэгийн Сумитыг 10:0 оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд БНХАУ-ын Дэн Жэй Вэйг 3:0-ээр ялснаар Парисыг зорих тийзээ авлаа.

Манай бөхчүүдээс 65 кг-д зодоглосон Ц.Цогбадрах Йемений Ибрахим Гузаныг 10:0 оноогоор цэвэр ялсан. Харамсалтай нь Киргизийн Эрназар Ахматалевт 12:6-гаар дийлдэж, эрхээ авч чадсангүй. Ингэснээр энэ жинд болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнд Т.Тулга оролцохоор боллоо.

Эрчүүдийн 74 кг-д О.Сүлдхүү эхний тойрогт БНСУ-ын Бин Мин Год оноогоор цэвэр дийлдсэн.

Мөн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ Пакистаны Мохамед Билалыг 8:2, Тажикистаны Ахмед Масудыг 14:3-аар илүүрхсэн. Гэвч хагас шигшээд нутгийн тамирчин Бекзат Уулуд 3:3 буюу сүүлийн оноогоор хожигдлоо.

97 кг-д Узбекистаны Магоммед Ибрагимовыг 12:5-аар ялсан ч олимпын эрхийн төлөө Ираны Хамид Азарпирад 3:0-ээр дийлдлээ.

Маргааш эмэгтэй зургаан жингийн барилдаан болно. Тодруулбал 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д П.Орхон, 76 кг-д Э.Даваанасан нар хүч үзнэ.