Уншиж байна ...

ПАРИС 2024: Олимпын талбайн төлөвлөлт хариуцсан менежерийн компьютерыг хулгайлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Орон нутгийн цагаар өнгөрсөн Даваа гарагт "Парис 2024" олимпын Лилль хот дахь талбайн төлөвлөлт хариуцсан менежерийн зөөврийн хоёр компьютерыг автомашинаас нь хулгайлсан хэрэг гарчээ.

Энэ талаар тус хотын прокурор Кэрол Этьен сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Лилль хотын олимпын талбайн төлөвлөлт хариуцсан менежерийн гэрийнх нь гадна байрлаж байсан автомашинаас нь хоёр зөөврийн компьютер, тэмдэг зэргийг алдсан талаарх мэдээлэл Даваа гарагийн орой цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Сэжигтнийг олж тогтоох болон ямар мэдээлэл хулгайд алдагдсан талаар шалгах ажил үргэлжилж байна" гэж мэдэгджээ.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар хулгайлагдсан зөөврийн компьютер дотор Лилль хотын Вилленев-д'Аск дүүрэгт байрлах олимпын хотхоны дэд бүтцийн "Аюулгүй байдлын төлөвлөгөө"-ний материал хадгалагдаж байж магадгүй гэнэ.

Зөөврийн компьютер хулгайлагдсан талаар мэдээлэл авангуутаа олимптой холбоотой файлуудыг түгжсэн гэж зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. 

"Парис 2024" олимпын мэдээлэл агуулагдсан эд зүйлс хулгайд алдагдсан эхний тохиолдол энэ биш юм. Өмнө нь Парис хотын метроны буудлаас олимпын "Аюулгүй байдлын төлөвлөгөө" алдагдсан байж болзошгүй талаар гэж мэдээлж байв. Уг хэрэгт холбогдуулан 23 настай эрийг баривчилж, шүүхээс долоон сар хорих ял оноосон билээ.

Гэмт этгээдийг өнгөрсөн нэгдүгээр сард нэг бус удаа хулгайн хэрэг үйлдсэн болохыг цагдаагийнхан тогтоосон юм. Мөн түүнийг шалгах үеэр утасныхаа нууц үгийг албаныханд өгөөгүй гэж буруутгажээ.

Гэхдээ Парис хотын прокуророос хулгайд алдагдсан флаш дискэнд олимпын үеэрх замын хөдөлгөөний үед ямар зохицуулалт хийх талаар материал байсан гэж мэдээлсэн юм. 

 

Эх сурвалж: Inside The Games