Уншиж байна ...

СУДАЛГАА: Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын 38 сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн чуулган-45” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр "УНТЭ-ийн 2022-2023 онд хэвтэн эмчлүүлэгчдийн дунд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг судлах нь" сэдэвт илтгэлийг судалгааны багийн гишүүд танилцууллаа. 



Эмчилгээ, оношилгооны явцад үйлчлүүлэгчид эмнэлгээс халдвар авахыг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гэнэ. 

УНТЭ-ийн хувьд Олон Эмэнд Тэсвэртэй Нянгийн Халдвар (ОЭТНХ)-ыг судалдаг.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөд дэлхий даяар жилд ор хоног 16 саяар нэмэгддэг байна. Түүнчлэн давтан эмнэлэгт хэвтэх гол шалтгаан болж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өвчлөлийн тархалт дэлхийн улс орнуудад харилцан адилгүй.

Дэлхийн дундаж хэмжээ ба өртөлтийн түвшин 5-20 хувь байдаг. Тодруулбал

  • Өндөр хөгжилтэй улс орнуудад долоон хувь
  • Дундаж, бага орлоготой улс орон болох тусам өртөлт 5-19.1 хувь хүртэл өсдөг. 

Монгол Улсын хувьд 5.4-11 хувь байна.

Улсын хэмжээнд 15 эмнэлэг тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тандалтыг идэвхтэй хийж байна. Эмнэлгүүд нэмэгдвэл өртөлтийн түвшин өсөх хандлага ажиглагдаж байгаа. 

УНТЭ-ээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 46,623 тохиолдолд дүн шинжилгээ хийлээ. Үүнээс

  • Тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар
  • Олон Эмэнд Тэсвэртэй Нянгийн Халдвар (ОЭТНХ)-ыг илрүүлэх зорилгоор дүн шинжилгээ хийсэн. 

Улмаар нийт хоёр жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын 38 сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байна. 

Хүйсээр авч үзвэл эрэгтэй хүмүүс 68.4 хувийг эзэлж байгаа бол эмэгтэйчүүд 31.6 хувийг эзэлж байгаа юм. 

Харьяаллаас харвал Улаанбаатар хотын иргэд 52.7 хувийг эзэлж байна.

Ор хоног өндөртэй

  • Эрчимт эмчилгээ
  • Мэдрэлийн мэс засал
  • Цусны эмгэг судлал
  • Чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ, оношилгоо авсан хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт илүү өртсөн байх магадлалтай.

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг төрөл үүсгэгчээр нь авч үзлээ. 

  • Мэс заслын дараах шархны халдвар 26.3 хувь
  • ОЭТНХ 39.5 хувь
  • Судасны гуурстай холбоотой халдвар 13.2 хувийг эзэлж байна. 

Энэхүү судалгаанаас дүгнэхэд ор хоног уртсах тусам хэвтэн эмчлүүлэгчдийн дунд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэжигтэй тохиолдол өндөр байсныг судалгааны багийн гишүүн Б.Намуун, Г.Дэлгэрмаа, Б.Буянтүшиг нар дүгнэжээ.