АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгааг Трамп зарлалаа
Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас Израильд 2028 он хүртэл жил бүр $3.8 тэрбумын тусламж олгохыг зөвшөөрсөн аюулгүй байдлын хамтын ажиллагааны 10 жилийн хугацаатай гэрээг цуцалж байгааг зарлажээ.
Ерөнхийлөгч Барак Обамагийн үед байгуулагдсанаасаа хойш гурван жилийн дараа буюу 2019 оноос хэрэгжиж эхэлсэн уг тусламжийг зогсоох шийдвэрийг Израиль улс "хэвийн" хүлээж авсан гэнэ.
Тэрбээр "Fox and Friends" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Израильд тусламж хэрэгтэй болбол бид туслах болно” гэж хэлээд тусламжийг танах асуудлаар Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай тохиролцсоноо мэдэгдсэн байна.
"Израиль бол бидний хувьд нэгдүгээрт тавигдах улс. Бид тэдэнд бусад аль ч улсаас илүү их тусламж үзүүлдэг байсан ч одоо тэдэнд энэ тусламж хэрэггүй болсон... Хэрэв үнэхээр хэрэгтэй байсан бол би үргэлжлүүлэх байсан" гэж Трамп хэлжээ.
Уг гэрээний дагуу Израиль улс жил бүр АНУ-аас ойролцоогоор $3.8 тэрбумын зэвсэг худалдан авахад зориулсан санхүүжилт авдаг байсан юм.
Гадаад харилцааны зөвлөлийн (Council on Foreign Relations) мэдээллээр бол 1948 онд байгуулагдсанаасаа хойш Израиль улс АНУ-аас эдийн засаг, цэргийн салбарт нийт $300 тэрбумын (инфляцын нөлөөг тооцсон дүн) тусламж авсан нь 1946 оноос хойш АНУ-аас тусламж авсан бусад аль ч улстай харьцуулахад хамаагүй өндөр үзүүлэлт ажээ.
Израилийн ерөнхий сайд өмнө нь тус улс АНУ-ын дэмжлэгээс хамааралтай байдлаа зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан удаатай.
Зургаадугаар сард Нетаньяху улс орныхоо цэргийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, Вашингтоноос хамааралтай байдлаа бууруулахыг уриалсан юм. Тэрбээр нэгдүгээр сард "The Economist" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үүнийг арван жилийн дотор хэрэгжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн бол, тавдугаар сард АНУ-ын CBS телевизэд өгсөн ярилцлагадаа дэмжлэгийн хэмжээг "тэг" болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Нетаньяху аравдугаар сард Израилийн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа "Миний хоёр удаа тохиролцож чадсан, батлан хамгаалах төсөвт зориулсан олон тэрбум ам.долларын Америкийн тусламжийг бид цаашид ч үргэлжлүүлэн авна гэж бодож байгаа бол үүнийгээ болиорой. Ийм зүйл болохгүй гэдэгт бэлдэж, үүнд дасах хэрэгтэй. Учир нь Америк өөрчлөгдөж байна” гэж хэлсэн юм.
Мягмар гарагт Трамп энэхүү шийдвэрийнхээ шалтгааны нэгээр зүүний үзэл баримтлалтай Ардчилсан Намын гишүүн Абдул Эль-Сайедын шүүмжлэлийг дурджээ. Эль-Сайед нь олон нийтийн дургүйцэл болон Израилийн эсрэг үзэл бодлыг ашиглаж, Мягмар гарагт болж буй завсрын сонгуулиар АНУ-ын Сенатад нэр дэвшиж байгаа юм.
"Fox" сувгаар ярихдаа Трамп "Израильд тусламж хэрэггүй байхад бид яагаад Эль-Сайед шиг галзуу хүмүүсийн дайралтыг тэвчих ёстой гэж?" хэмээн асуужээ.
2023 онд Газын зурваст дайн эхэлснээс хойш АНУ-ын олон нийтийн дунд, ялангуяа Ардчилсан Намынхны дунд Израилийг дэмжих хандлага буурсан.
Зургаадугаар сард "Quinnipiac" их сургуулийн явуулсан санал асуулгаар сонгогчдын 48 хувь, Ардчилсан Намынхны 66 хувь АНУ “Израилийг хэт их дэмжиж байна” гэж үзэж байгаа нь тогтоогджээ. Энэ үзүүлэлт 2017 онд анх ийм асуулт тавихад тус тус 16 болон 20 хувьтай байсан юм.
Трампын "Америкийг дахин аугаа болгоё" (Make America Great Again) хөдөлгөөний зарим гишүүд ч мөн Израилийг шүүмжлэх нь нэмэгдэж байна. Тэд Израиль улс Трампыг төөрөгдүүлсэн гэж буруутгаж байгаа бөгөөд үүний улмаас Трамп дайнд Ираныг амархан ялж болно гэдэгт итгэсэн гэж үзэж байгаа. Уг нь Трамп 2024 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр гадаад дахь цэргийн оролцооноос зайлсхийх амлалт өгч байсан юм.
АНУ-ын Конгресс 2020 онд Израильд санхүүжилт олгохыг зөвшөөрсөн хууль баталсан хэдий ч уг хөрөнгийг хуваарилахын тулд Сенат болон Төлөөлөгчдийн танхим жил бүр санхүүжилтийн хуулийн төслүүдийг батлах шаардлагатай хэвээр байдаг.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
