Уншиж байна ...

Л.Баттогтох: Бүх насаар нь хорих ял эдлүүлэх зүйл ангитай хэргийн шүүгдэгч гэмшиж, айж байгаа шинж бага болсон байна

Б.Манлай
2024 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр/2024.04.24/ хэвлэлийн хурал зохион байгуулах үеэрээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд авто осолд орсон тохиолдолд гэсэн заалт оруулах талаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр "Улаанбаатар хотод Хайлаастад авто осол гарч, нэг айлын дөрвөн хүүхдийн нэг нь нас барж, гурав нь олон дахин хагалгаанд орж байгаа юм байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хохирогчийн оршуулга, эмчилгээний нөхөн төлбөрийг олгоно гэж байгаа боловч авто осолд орсон тохиолдолд гэж байхгүй. Тийм учраас энэ заалтыг оруулж өгөхийг хүсэж байна.

Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж байгаа хүүхдийн эмчилгээний зардлыг тусгай сангаас олгох нь зүйтэй" гэж ярив.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хохирогчийн сэтгэл санааны хохирлын хэмжээний талаар?

-Иргэний хуульд хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно гэж заасан байдаг.

Дорноговь аймагт амиа алдсан 12 настай охины сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг/660,000төгрөг/ 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хоёрдугаарт насжилтын зардлыг давхар тооцох зохицуулалттай. Эдгээр нь 182.5 сая төгрөг болж, хохирлыг ялтан Г.Гантулгаас гаргуулах цаасан дээрх шийдвэртэй үлдэж байгаа нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

-Тухайн үед охиныг эрэн хайж байгааг мэдээд сандарсандаа нуусан гэдэг?

-Бүх мэдээлэл гарсан тул одоо нууц байхгүй. Г.Гантулга нь 2023 оны аравдугаар сарын 3-ны өглөө такси үйлчилгээнд явж байна гээд охиныг хууран мэхэлж, машиндаа суулгаж авч яваад хүчирхийлсэн. Хүчирхийлсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор охины амийг егүүтгэж, булсан байгаа юм. Үүнийг 4-ний өглөө мэдсэн. Цогцсыг гурав хоногийн дараа олсон. 

Г.Гантулга гэдэг хүн гуанзны тогооч дээр орж, баригдсаныг та бүхэн мэдэж байгаа. Тэр хүртэл утасны цэнэг нь дуусаж, холбоо барих боломжгүй болсон юм билээ. Тэгэхээр охиныг эрэн хайж байгааг мэдээд сандарсандаа нуусан гэдэг нөхцөл тогтоогдохгүй байдал харагдаж байгаа юм. 

-Цаазын ялыг сэргээх тухайд

- Зарим тохиолдолд цаазын ялыг байх ёстой гэж үздэг. Нийгэмд учруулж байгаа хор хохирол, аюулын хэмжээ өндөр тохиолдолд цаазын ял тохиромжтой.

Г.Гантулга өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд байна. Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Шүүх хурал маш хүнд болсон. Хохирогч айлын ганц хүүхэд, ээж нь тэтгэврийн насны хүн. Энэ айлын гал голомт, үр удам тасарч, хор аюулын хэмжээ өндөр. Ийм хэрэгт цаазын ялыг сэргээх нь зүйтэй.

Бүх насаар хорих зүйл ангитай хэд, хэдэн шүүх хуралд орлоо. 2017 оноос өмнө цаазын ял сонсож буй этгээд шүүх хурал дээр гэм буруугаа хүлээдэг, дээш, доош шингэн алдаж, нүд нь зогссон байдалтай амь өршөөхийг гуйж, уйлдаг байсан.

Одоо бүх насаар нь хорих ял эдлүүлэх зүйл ангитай хэргийн шүүгдэгч "амьд байх юм байна" гэдэг итгэл үнэмшил төрж, гэмшиж, айж байгаа шинж бага болсон байна.