Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Намуудын Их, Бага хурлын тов гарчээ

Монголын мэдээ
2017 оны 5 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тун удахгүй монголчууд бид Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгоно. Тэр ч утгаараа энэ сард парламентад суудалтай улс төрийн намууд ээлжит Их, Бага хурал болон Бага чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах учиртай. Сонгуулийн тухай хууль ёсоор маргаашаас эхлэн нэр дэвшигчийг бүртгэж эхэлдэг.

Тэгвэл Ардын намынхан энэ сарын 3-нд Бага хурлынхаа товыг зарлажээ. Бага хурлаас өмнө намын Удирдах зөвлөлөөр нэр дэвшигчээ батламжилж, улмаар Бага хурлын гишүүддээ танилцуулах учиртай. Энэ намаас одоогоор Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнэ нарын нэр дуулдаж буй.

Тэгвэл Ардчилсан намын Их хурал мөн л энэ сарын 6-нд болох бөгөөд үүний өмнө ирэх лхагва гарагт намын гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж нэр дэвшихээр горилж мэдэгдэл хийсэн долоон горилогчдоос нэгийг нь тодруулах учиртай. Улмаар хамгийн өндөр санал авсан нэг хүнийг Их хуралд танилцуулж, нууц санал хураалтаар баталгаажуулах юм байна.

Ардчилсан намаас одоогоор Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Лу.Болд, Х.Баттулга, Р.Амаржаргал, Бүгд найрамдах намын дарга асан Б.Жаргалсайхан, нийтлэлч Ш.Батбаяр буюу Баабар нарын хүмүүс нэр дэвшихээ илэрхийлээд байна.

Гуравдагч хүчин болох МАХН энэ удаагийн сонгуульд аль нэг намыг дэмжих үү эсвэл намаасаа хэн нэгнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхойлоогүй байгаа. Тус намын Бага чуулган мөн л тавдугаар сарын эхээр буюу хуулийн хугацаандаа болох бөгөөд Л.Эрдэнэчулуун, Ц.Шаравдорж гэсэн хоёр хүний нэр яригдаж байгаа билээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.