Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг иргэдэд олгох ёстой гэв

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард иргэдэд олгох хэрэгтэй гэж үзэж буй юм.

"Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнийг зохицуулагч Б.Ганхуяг "Эрдэнэт үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Эрдэнэт үйлдвэр ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог Монголын хамгийн том үйлдвэр юм. Үйлдвэр ашиглалтад орсоноос хойш Монголын тал 50 хувийг эзэмшиж ирсэн. Харин 1990-ээд оны эхээр Монгол Улсын Засгийн газар хувиа нэмж 51 хувь болгож авсан. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр 4 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргаж, орон нутгийн төсөвт 4 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. 

Эрдэнэт үйлдвэр 2013 онд 520 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, 126 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ийнхүү үйлдвэрийн хэвийн ажиллагаа үргэлжилж, төсөвт төвлөрүүлэх орлогоо нэмэгдүүлсээр байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэр нь улсын төсвийн 15-20 хувийг дангаараа бүрдүүлдэг тоомохон аж ахуйн нэгж. 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авах тогтоолыг УИХ энэ оны хоёрдугаар сард гаргасан. Монголын Зэс корпораци Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас 2016 оны зургаадугаар сард худалдаж авжээ. Худалдаж авсан үйл явц нь Монгол Улсын холбогдох хууль тогтоолыг зөрчсөн байна гэж үзээд УИХ-ын тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн гишүүдийг Эрдэнэт Үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар чөлөөлсөн байна. Ингэж ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөлөл болгосон байна. 

Тэгэхээр манай хөдөлгөөний гол зорилго бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг иргэддээ хувьцаа хэлбэрээр тарааж өгөх юм. Ард иргэд энэхүү 49 хувийг хувьцаа хэлбэрээр эзэмшсэнээр иргэд жинхэнэ амьд хувьцаатай болж, амьдрал ахуйд нь томоохон тус нэмэр болох ба үр хүүхэддээ үлдээх өв хөрөнгөтэй болно гэж үзэж байгаа юм.

Манай хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэхийн тулд тууштай тэмцэх болно. Үүний тулд олон нийтийн санаа бодлын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчлэхгүй" гэлээ.

Эрдэнэт үйлдвэр төрийн мэдэлд шилжвэл иргэнд ашиггүй, огт хүртээлгүй болно гэж "Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнийхан үзэж буй юм. Тйимээс Эрдэнэтийн 49 хувь нь хөрөнгийн биржээр дамжин иргэдэд очсоноор үйлдвэрт олон нийтийн хяналт жинхэнэ ёсоор тогтож, эрх мэдэлтнүүдийн шахаа хийх боломжийг хаана гэдгийг мөн энэ үеэр онцоллоо.