Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

АН нэр дэвшигчээ тодруулах санал асуулгыг ирэх сарын 2-ноос эхлүүлнэ

А.Алиман
2017 оны 4 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан Баабар уулзалтад оролцоогүйг бодоход тэрбээр дотоод өрсөлдөөнд үзэлцэхгүй гэсэн үг бололтой. Харин Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшихээр өрсөлдөх гэж байгаа нь тодорхой болжээ - 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлэх процесс тав хоног байхаар хуулийн хугацаа тогтоосон байдаг. Түүнчлэн санал хураалт болох зургаадугаар сарын 26-наас тавиас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчийг бүртгүүлэх учиртай энэ жилийн хувьд намууд тавдугаар сарын 2-ноос 7-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой болж буй.

Парламентад суудал бүхий гурван нам нэр дэвшигч өрсөлдүүлэхээс МАН ба МАХН-аас нэр дэвшигчид бараг тодорхой бол АН-ын нэр дэвшигч хэн байх нь тун тодорхойгүй байгаа юм. Учир нь тус нам дотор долоон хүн нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлээд буй. АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт тэдгээр хүсэлт бүхий гишүүдээ хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар оролцжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан Баабар уулзалтад оролцоогүйг бодоход тэрбээр дотоод өрсөлдөөнд үзэлцэхгүй гэсэн үг бололтой. Харин Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшихээр өрсөлдөх гэж байгаа нь тодорхой болжээ.

Нэр дэвшүүлэхтэй холбоотой процесс хуульд заасан тав хоногийн хугацаанд багтах ёстой тул Ардчилсан намын хувьд тавдугаар сарын 2-ноос нам дотроо дээрх долоон хүн дээр санал хураалт явуулж, дараа нь Их хурлаа хуралдуулж, нэр дэвшигчээ эцэслэн батламжлахаар болжээ. Санал асуулгаар хамгийн олон санал авсан 2-3 хүнийг Их хурал дээрээ дахин санал хурааж шийдвэрлэх юм байна. Нэр дэвшихийг горилогчдын хоорондын өрсөлдөөн хуульд заасан хугацаанд болох ёстой тул 2-ноос өмнө тэд сурталчилгаа явуулахыг хориглосон бололтой.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.