Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Интермед эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлийн хандив өглөө

ikon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нас, биеийнх онцлогт тохирсон тэргэнцэр, мөн түүнээс гадна сэтгэл засах эмчилгээ, зөвлөгөө хамгийн чухал байдаг.

Өөрийн биед тохирсон тэргэнцэр дээр сууж байж, нөгөөтэйгээр өөрийн сэтгэлзүйд тохирсон эмчилгээ, зөвлөмж авч байж тэд энэ амьдралдаа сэтгэл болоод биеийн зовиур шаналгаа багатай өнгөрүүлдэг.

Иймд Интермед эмнэлгийн хамт олон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа төслийн багийнхантай хамтран Сонгинохайрхан дүүргийн 60 хүүхдийг тэргэнцэртэй болгох, цаашлаад тэдэнд зориулсан нөхөн сэргээх, сэтгэцийн болон хооллолтын талаарх нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө өгөх сайн үйлсийн аяныг өнгөрсөн ням гаригт зохион байгууллаа.

Тодруулбал, Интермед эмнэлгийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхэд зориулсан нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж, хүүхдүүдэд хаврын улиралд эрүүл мэнд, дархлаа дэмжих витамин,анхны тусламжийн аптек зэргийг багтаасан гарын бэлэг, сэтгэлийн хандив өглөө. 

Энэ талаар Интермед эмнэлгийн Чанар-аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэ

"Манай эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон сайн үйлсийн арга хэмжээнд оролцдог.

Саяхан Хан-Уул дүүргийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн цэцэрлэгт туслах аянд оролцсон бол энэ удаад Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа  "Эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийн төслийн багийнхантай хамтран энэхүү сайн үйлсийн аянд оролцож байна.

Төслийн хүрээнд 2016 оноос  хойш 200 гаруй хүүхдийн зориулалтын тэргэнцэрийг Австрали улсаас авчран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгоод байгаа ба цаашид 300 тэргэнцэр оруулж ирэхээр ажиллаж байгаа юм" гэлээ. 

Энэ арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгч буй Интермед эмнэлгийн сэтгэлзүйч, эмч Ө.Анхболд

"Төрөлтийн хүндрэлээс болж тархи, мэдрэлийн алдагдалтай төрсөн хүүхдүүд бол сэтгэцийн өвчинтэй биш байдаг.

Гэтэл нийгэм тэднийг сэтгэцийн өвчинтэй байдлаар хүлээн авч, ялгаварлах үзэгдэл их байдаг. Ийм хүүхдүүдэд нэгдүгээрт, бага насанд сэргээн засах эмчилгээг маш сайн хийж өгч байх ёстой. Сэргээн засах эмчилгээг сайн хийж чадаагүйн улмаас хүүхдүүдийн захын мэдрэлийн тогтолцоо алдагдаж булчингийн хатангиршил бий болдог. Үүнийг эцэг эхчүүд маш сайн анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, сэтгэлзүйчэд тогтмол хандаж зөвлөгөө авч байх хэрэгтэй. Ийм хүүхдүүд өөрийгөө нийгмээс тусгаарлаж, цаашлаад амиа хорлох зэрэг эрсдэлт хүчин зүйл өндөртэй байдаг. СЭМҮТ эмнэлэг дээр бүтэн сайн өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамтдаа ирээд зөвлөгөө авч байгаарай гэж хэлмээр байна" 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.