Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын пуужингийн туршилт бүтэлгүйтжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос үүсгэн байгуулагчийнхаа мэндэлсний ойг тэмдэглэж өнгөрүүлсний маргааш нь зүүн эргээсээ пуужин харвасан боловч бүтэлгүйтсэн тухай Өмнөд Солонгос, АНУ-ын армийнхан мэдээллээ.

Ням гарагийн өглөө баллистик пуужин хөөрснөөсөө хойш хэдхэн секундын дараа дэлбэрсэн болохыг АНУ-ын  цэргийнхэн баталсан байна. Өмнөх өдөр нь болсон цэргийн парадын үеэр холын тусгалын баллистик пуужин байх магадлалтай шинэ зэвсэг үзүүлсэн юм.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам “Хойд Солонгос ямар төрлийнх нь тодорхойгүй пуужинг зүүн эргийн боомт Синпогоос харвах гэж оролдоод бүтэлгүйтлээ” гэж мэдээлсэн байна.

АНУ-ын Тэнгисийн Цэргийн командлагч Дэйв Бэнхэм “Пуужин бараг тэр дороо дэлбэрсэн” гэж Ройтер агентлагт ярьжээ.

Пуужинг яг ямар төрлийнх байсныг үргэлжлүүлэн судалж байгааг тэр бас хэлсэн байна.

Хойд Солонгосын дэглэмийн хамгийн том баярын өдөр болох дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус улс зургаа дахь цөмийн туршилтаа хийж магадгүй гэж дэлхий нийтээр ажиглаж байсан юм.

Америкийн цэрэг, зэвсэг Солонгосын хойгт бөөгнөрч шахалт үзүүлсний дүнд төсөөлж байсан туршилт бололгүй өнгөрсөн гэж ажиглагчид дүгнэж байв. Энэ сарын эхээр Хойд Солонгос дунд тусгалын баллистик пуужинг Япон тэнгисийн усанд харвасан нь АНУ-Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалттай давхцаж байжээ.

Тэд одоогоор тив хоорондын баллистик пуужинд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай болохоор шаргуу ажиллаж байгаа юм. Мэргэжилтнүүд Ким Жон Уны энэ зорилго биелэхэд хэр ойрхон байгаа талаар зөрүүтэй байр суурьтай байгаа ажээ.

Өнөөдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс анх удаагаа Сөүлд айлчилж байгаа ба түүний зорилго нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох арга замыг Өмнөд Солонгосын эрх баригчидтай хэлэлцэх юм.

 

Эх сурвалж: BBC