Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Бүх бөмбөгний эх”-ийн учруулсан хохирол 94-т хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Афганистаны зүүн нутагт анх удаа хэрэглэсэн Америкийн зэвсэгт хүчний MOAB бөмбөгний учруулсан хохирол 94 болсныг Афганий албаныхан өчигдөр мэдээллээ. Үүний урд өдөр бөмбөгөнд өртөж амиа алдагсдын тоог 36 гэж мэдээлж байсан юм.

Нангархар мужийн төлөөлөгч Атауллах Хогяни “Азаар довтолгооны үеэр энгийн иргэний амь нас үрэгдээгүй” гэж мэдээлжээ.

Зүүн Афганистаны Нангархар мужид үүрлэсэн Исламын улс бүлэглэлийн салбар байгууллагын эсрэг GBU-43 буюу “бүх бөмбөгний эх” хэмээх зэвсгийг Пүрэв гарагт хэрэглэсэн нь тус зэвсэгт бүлэглэлийн газар доорх нуувч, хонгил зэрэг байгууламжуудыг устгах зорилготой байв. Довтолгооны үеэр дайсны доод тал нь дөрвөн удирдагч амь үрэгдсэн гэж Хогяни мэдээлжээ. Хохирлыг хэмжих ажиллагаа үргэлжилж байна.

Пентагон бөмбөг хэрэглэсэн нь зорилгодоо хүрсэн гэж мэдээлсэн юм. Тэгвэл Баасан гарагт Исламын улс бүлэглэл өөрийнх нь ганц ч дайчин бөмбөгдөлтөд амь үрэгдээгүй, бүр шархдаагүй гэж мэдээлжээ.

2003 онд анх зохион бүтээгдсэн MOAB бөмбөгийг дэлбэрэх үед 32 км зайнаас үзэгдэх мөөг хэлбэрийн үүл үүсдэг гэнэ. Бөмбөг нь 11 тонны TNT тэсрэх чадалтай бол Японд дэлхийн хоёрдугаар дайны үеэр хаясан хоёр бөмбөг тус тус 15,000 ба 20,000 тонны TNT чадалтай юм.

Нангархар мужид террорист байгууллагын 600-800 орчим гишүүн үүрлээд байгаа гэгддэг. Тэд уулын агуйг ашиглан газар доор маш сайн хонгилын сүлжээ бий болгосон тул Америк-Афганий өмнөх довтолгоонуудыг хүчтэй эсэргүүцдэг байсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт энд болсон байлдааны ажиллагааны үеэр Америкийн цэргийн албан хаагч амиа алдсан юм.

Одоо Афганистанд 8,000 гаруй Америк цэрэг байнга байрлаж, терроризмийн эсрэг ажиллагаа явуулан, Афганий зэвсэгт хүчнийг сургаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Independent