Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулиар шийдэл гаргах цаг нь болсон

С.Өрнөл, Өглөөний сонин
2017 оны 4 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn


Үе үеийн парламентын мэтгэлцээний талбарт гарч ирдэг нэг чухал асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ болгон энэ сэдвийг "мөлжиж", ажлын хэсэг байгуулж, парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намууд, судлаачдын санал бодлыг уралдуулж ирсэн ч дордуулсан долоон өөрчлөлтөөс хойш Үндсэн хуульд гар хүрэлгүй өдийг хүрсэн билээ.

Тэгвэл энэ удаагийн УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулах албан шийдвэр гаргалаа. Намрын чуулганаар батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд ийм гарц гарч ирсэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар сүүлийн 20 жил яригдсан "мөнхийн” мэт сэдвийг нийгмийн эргэлтэд дахин оруулж ирлээ. Ингэхдээ ард иргэдийн оролцоо, нийгмийн зөвшилцлийг хангах байдлаар санал асуулга явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хагалахаар тогтжээ.

Тиймдээ ч УИХ энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын нэлээд дээгүүрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эрэмбэлсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандаж, улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж, бодит шаардлага, судалгаанд үндэслэн асуудалд хандана гэж мэдэгдсэн.

Тэрбээр Үндсэн хуулийг өөрчлөх нь нийгмийн захиалга гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ямар өөрчлөлт хийх шаардлагатайг хэлэлгүй хаширлаж, “долоо хэмжих" тухай сануулаад өнгөрөв. Өөр арга ч түүнд үгүй юм. Үндсэн хуулийн өөрчлөлт бол нэг улс төрийн намын дарга дангаараа байр сууриа илэрхийлээд шийдчих асуудал биш. Тэгэхээр ард нийтээс асууж, нийгмийн олон талын оролцоо, байр суурийг нэгтгэсний үндсэн дээр Үндсэн хуульд гар хүрэх эсэхээ шийдэх нь зөв зүйтэй юм.

Үндсэн хуульд цаг үетэй нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдэгт улстөрчид, улс төрийн намууд, судлаачид, ард иргэдийн дийлэнх нь санал нэгддэг Харин ямар агуулгаар, ямар арга замаар өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр л санал зөрөлдсөөр өнөөг хүрсэн. Гарц шийдлээ төдийлөн олохгүй маргасаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал ийнхүү олон жилийг үдсэний эцэст нэг нам 6: суудалтай олонх болсон энэ удаагийн УИХ-ын үед анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар анхны алхмаа тавих гэж байна.

Өмнөх парламент, ажлын хэсгүүдээс ялгаатай нь хэлэлцүүлэг, мэтгэлцээн, ажлын хэсгийн хэлбэрээс хальж, төрийн бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэх гэж буйгаараа онцлог юм. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдсан ажлын хэсгүүдэд ирсэн саналаас үзвэл иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм билээ. Ялангуяа Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа аар саар гэхээсээ том хэмжээний суурь өөрчлөлтийг хүсэж байгаа нь тэдний хэлсэн санаа онооноос харагддаг.

Хоёр үе шаттай явагдах зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зургаан сэдвээр санал асуулга явах ажээ. Нэгдүгээрт, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, хоёрдугаарт, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах
Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, гуравдугаарт, улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болох, дөрөвдүгээрт, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, тавдугаарт, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, зургаадугаарт, төрийн эрх барих дээд байгууллага нь хоёр танхимтай байх уу, үгүй юу гэдэг сэдвийн хүрээнд өрнөх юм байна.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын гол зарчим нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн намууд, хэдхэн улстөрчдийн хүслээр өөрчлөх бус ард түмнээс асуусны үндсэн дээр өөрчлөх үү, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Хэрэв ард иргэд дэмжвэл Үндсэн хуульд шаардлагатай зохицуулалтыг оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ, эс дэмжвэл Үндсэн хуульд rap хүрэхгүй гэсэн зарчим үйлчлэх ажээ.

Ард түмнээсээ асуулгүй шийдсэний нэг жишээ нь Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт. Тиймээс аль болох ард иргэдийн санаа бодол, эрдэмтэн судлаачдын судалгаа үндэслэл, улс төрийн намуудын зөвшилцөл зэрэг бүхий л талуудын оролцоог жигд хангах боломж нь энэхүү зөвлөлдөх санал асуулга байж болох юм.

Зураг