Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуурай аргаар нүүрс баяжуулах хамгийн том үйлдвэрийг барьсан компанийг Монголд урьсан"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болох талаар санаачлагч, зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг арга хэмжээнд ХБНГУ, Австри, Швейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй, мах, сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд, хөрөнгө оруулагчид оролцоно.

“Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн санаачлан зохион байгуулж байгаа тус хурлын үеэр гадны 40 гаруй компаниуд технологио танилцуулахаас гадна Авсрти, Щвейцарь, Хонг Конгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөллүүд ирэх аж.

Хурлын үеэр хог хаягдлыг ялгах төхөөрөмж үйлдвэрлэгчид ирнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж. Мядагмаа “Манай арга хэмжээг дэмжихээр Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газар, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпараци хамтран ажиллаж байна.

Дэвшилтэт технологиудыг эх орондоо нутагшуулахын тулд санхүү, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. 

Ийм учраас бид хөрөнгө оруулалтын талаар хурал хийгээд үзэсгэлэн худалдааг явуулах ажилдаа орсон. Ямар компаниуд ирэх талаар танилцуулъя.

Хог хаягдлыг ялгах төхөөрөмж үйлдвэрлэдэг компани Австралиас ирнэ. Мөн замын хашлага, машины төхөөрөмж үйлдвэрлэдэг компани ХБНГУ-аас ирж байгаа.

Манайд явган хүний зам дээр халтиргаа гулгаа үүсгэх хандлагатай байдаг.

Иймээс бид явган хүний замын алхах хавтанг хийхийн тулд барууны компаниудаас туршлага судлах гэж байна. Хуурай аргаар нүүрсийг баяжуулах дэлхийн хамгийн том үйлдвэрийг барьсан ХБНГУ-ын компанийг мөн урьсан.

Компанийнхаа зүгээс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүссэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэхүү арга хэмжээнд бидэнд ашиг тус, шинэ санаа, хөрөнгө оруулалт өгөх дэлхийн шилдэг компаниудыг урилаа. Хөрөнгө оруулалтын талаар хурлын үеэр яригдах болно” гэлээ.

Технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалт татах хурал хийнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Инновацийн Газрын дарга Б.Бат-эрдэнэ “Энэхүү хурал нь өөрийн онцлогтой. Өмнө нь Улаанбаатар хотод ийм төрлийн хурал их болсон.

Гэхдээ уг хурал зөвхөн уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн салбарт зориулагдсан хурал биш.

Эдийн засагт түлхэц болсон, технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалт татах хурал гэдгээрээ онцлог юм. Иймд манай зүгээс хамтарч ажиллаж байгаа” гэв.