Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хамгаалалтын систем Америкийн пуужингийн эсрэг яагаад ажиллаагүй вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сири дэх агаарын баазууддаа Кремль С-300, С-400 системүүдийг байрлуулснаар пуужингийн цохилтоос хамгаалах боломжтой болсон гэдгээ зарлаж байсан юм. Гэвч өнгөрсөн Пүрэв гарагт АНУ хөлөг онгоцноос Сирийн засгийн газрын Шайрат агаарын бааз руу томахоук пуужин харвасны дараа Оросын иргэд “Манай бахархаад байдаг С-400 систем энэ үед хаана байсан юм бэ?” гэж сошиал сүлжээнд хэлэлцэж эхэлжээ.

Кремль анхны “Триумф” С-400 системээ 2015 оны арваннэгдүгээр сард Туркийн агаарын хүч Оросын байлдааны онгоцыг буудаж унагасны дараа байрлуулсан юм.

Энэхүү систем нь дөрвөн төрлийн пуужингаар зэвсэглэсэн байсан ба нэг нь 400 км зайнд, нөгөө нь 40 км зайнд тусах хүчин чадалтай байв. Тэдний хосолсон хамгаалалт ямар ч онгоц, дрон, томахоук пуужин зэргийг устгах хамгаалалтын бүсийг үүсгэж байлаа.

Орос болон Барууны цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Шайрат бааз нь энэхүү системээс хэт хол зайтай байсан, мөн томахоукийн довтолгоо маш нам дор өндөрт явагдсан тул хамгаалах боломжгүй байжээ. Америкчууд далавчит пуужингаа газраас таван метрийн өндөрт, дууны хурднаас бага хурдаар, төлөвлөсөн маршрутаар харвасан байна.

С-400 системийг Оросууд Латакиа дахь агаарын бааз болон Тартус дахь тэнгисийн бааздаа байрлуулаад байгаа юм. Тэгвэл Шайрат бааз нь Тартусаас 75 км, Латакиас 120 км орчим зайд байдаг. Өөрийн баазыг 40 км хил дотор хамгаалах чадвартай С-400 энэ тохиолдолд ашиглагдах боломжгүй байжээ.

Харин зөвхөн газрын гадаргаас өндөрт хийсэн довтолгоог 400 км зайнаас хамгаалах боломжтой юм байна. Нам түвшинд хийсэн ийм довтолгоог зөвхөн 40 км дотор зогсооно гэдгийг Лондонд төвтэй Рояал Юнайтед Сервисез хүрээлэнгийн шинжээч Жастин Бронк тайлбарлажээ.

Үүнээс гадна хэдийгээр Оросын пуужингаас хамгаалах систем үүргээ гүйцэтгэх боломжтой байсан ч Москва ашиглалгүй өнгөрсөн байх гэж үзэж байна. Учир нь АНУ-ОХУ-ын хооронд байгуулсан мэдээлэл солилцох тохиролцооны хүрээнд довтолгооноос хоёр цагийн өмнө Оросын талд урьдчилан мэдэгдсэн гэсэн мэдээлэл бий.

Тиймээс хэдийгээр хамгаалах боломжтой байсан ч Москва ингэхийг хүсээгүй өнгөрсөн байж болох талтайг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Оросын Агаарын хүчний дэд командлагч асан Айтеч Бижев “Довтолгооны зам нь манай хамгаалалтын системийн хүрээнээс гадуур байхаар төлөвлөгдсөн нь тодорхой. Америкчууд тэнэг биш шүү дээ” гэж Интерфакс агентлагт ярьсан байна.

Харин ийм нам өндрийн довтолгоо өөрт нь ирвэл Оросууд хэрхэн няцаах боломжтойг асуухад “Бидэнд зөвхөн С-400 биш, бас Панцирь хамгаалах систем тэнд бий. Панцирь нам өндрийн далавчит пуужингийн довтолгоог эсэргүүцэхэд хамгийн тохиромжтой“ гэж тэр тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty