Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн нийслэлд ачааны машинтай халдлага гарч 4 хүн амиа алдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн өглөө Шведийн нийслэл Стокгольм хотын төвд ачааны машинтай этгээдүүд явган хүмүүс рүү дайрах үеэр 4 хүн алагдаж, 15 хүн бэртэж гэмтсэн байна.

Стокгольмын худалдааны Дроттингатан гудамжаар давхиж явган хүмүүс рүү халдсаныхаа дараа ачааны машин Ахленс их дэлгүүрийн байрыг мөргөж зогсжээ.

 
 

Шведийн цагдаа ачааны машинд явсан гэх хоёр хүнийг эрэн сурвалжилж, нэгнийх нь хяналтын камерт үлдсэн зургийг тараасан юм.

Сүүлд зурагт үзүүлсэн эрэгтэйг олж баривчилсан тухай мэдээлжээ.

 

Шведийн ерөнхий сайд Стефан Лофвен энэхүү халдлагыг терроризмийн шинж чанартай гэж дүгнэсэн байна.

Халдлагын дараа Стокгольм хотын төвийн зам, талбайг хааж, метроны үйлчилгээг зогсоожээ. Цагдаагийн газар хүмүүсийг хотын төвөөр явахгүй байхыг анхааруулсан байна.

Дроттингатан гудамжинд байрлах дэлгүүрийн хяналтын камерт үлдсэн дүрс болсон үйл явдлыг тодорхой харуулжээ.

Европ даяар ачааны автомашинтай халдлага сүүлийн жил орчим хугацаанд хэд хэд гарлаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Берлиний зул сарын захад ийм халдлага гарч байсан бол долдугаар сард Францын Нийс хотод мөн үйлдэгдэж байсан юм. Мөн өнгөрсөн сард Лондон хотын төвд гарсан халдлагыг ч автомашинтай үйлдсэн билээ.

Эдгээр бүх халдлагууд Исламын хэт үзэлтнүүдийн зохион байгуулалттай байв.

 

Эх сурвалж: Russia Today