Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний мах хэр их тэжээллэг хүнс вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ хүн хүнээ барьж идвэл хэр их илчлэг тэжээл авч чадах вэ? Хүний өвөг дээдэс каннибалист буюу нэг нэгнээ барьж иддэг байсан нь балар эртний олдворуудаар батлагддаг. Харин ингэх болсон шалтгааныг олох нь эрдэмтдийн хувьд томоохон судалгааны сэдэв байсаар иржээ.

Энэ асуултад хариу олохын тулд Брайтоны Их сургуулийн археологийн судлаач Жэймс Коул хүний махны илчлэгийн хэмжээг бусад амьтдынхтай харьцуулж судалсан байна. Гэвч хүний мах нь тухайн үед хүмүүсийн хоол хүнс болдог байсан арслан заан, бизон зэрлэг үхэр, бугын махнаас хамаагүй шим тэжээл багатай байсныг тогтоожээ.

Тэрээр хүн шим тэжээл олж авах гэж нэгнээ барьж иддэггүй, харин ямар нэг шашин соёлын ёс дэгийг гүйцэтгэхийн тулд иддэг байсан гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

 Судалгааны материал Scientific Reports сэтгүүлд өчигдөр нийтлэгджээ. Эртний хүний олдворуудаас харвал тэд каннибализмыг байнга биш ч үе үе үйлддэг байсан нь батлагддаг. Коул 1940-50-аад оны үед хийгдсэн судалгаануудаас хүний биеийн хэсгүүдийн илчлэгийг тооцоолсон баримт цуглуулахад насанд хүрсэн хүний бие бүхэлдээ 125,822 калори илчлэгтэй болсон байна. Ингэхдээ 65 кг орчим жинтэй байхаар тооцсон гэнэ.

Эндээс Коул эртний амьтдын булчингийн махны илчлэгийг тооцоолоход арслан зааных 3,600,000 калори, үслэг хирснийх 1,260,000 калори, улаан буганых 163,680 калори байжээ. Харьцуулбал хүний булчин махны илчлэг ердөө 32,376 калори байсан гэнэ.

 

“Бид илчлэгийн хувьд тийм ч сайн хүнс биш” гэж Коул дүгнэн хэлсэн байна.

Тиймээс Коул каннибализм хийх болсон шалтгааныг дайн байлдааны зан үйл эсвэл шашны зан үйлтэй холбоотой гэж үзэж байгаагаа бичжээ.

Гэхдээ энэ нь анхны ийм дүгнэлт биш, харин судалгааг шинэ өнцгөөс харах бүтээлч санаа болсныг бусад эрдэмтэд онцолсон байна.

 

Эх сурвалж: The Verge