Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн ширэнгээс сармагчны сүрэгт амьдарч байсан охиныг олжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ширэнгэн ойд сармагчны сүрэгтэй хамт амьдарч байсан охиныг олж, сураггүй болсон хүүхдүүдийн мэдээлэлтэй тулган таниулах ажлыг Энэтхэгийн цагдаа хийж эхэлжээ.

Хойд Энэтхэгийн Уттар Прадеш мужаас өнгөрсөн нэгдүгээр сард 10-12 настай, ярих чадваргүй, хувцасгүй охиныг олж Бахрайч хотын эмнэлэгт хэвтүүлсэн юм байна.

Эмнэлгийн даргын хэлж байгаагаар охин анх ирэхдээ амьтан шиг авирладаг, дөрвөн хөллөж явдаг, шалан дээр байгаа хоолыг амаараа авч иддэг байсан гэнэ. Хэсэг хугацаанд эмчилсний дараа тэр хөл дээрээ явж, гараараа хоол хүнс идэж сурсан байна.

Эмнэлгийн дарга Сингх хэлэхдээ “Тэр одоо болтол ярьж чадахгүй байгаа. Гэхдээ ярьсан бүгдийг ойлгож, бүр инээмсэглэдэг” гэжээ.

Мод огтлогчид ширэнгэнд ажиллаж байхдаа сармагчингуудтай хамт байгаа охиныг анх олж хараад цагдаад мэдэгдсэн юм байна. Цагдаагийн офицер энэ тухай “Нэгэн нүцгэн охин сармагчингуудын дунд амьдарч байгааг тэд мэдээлсэн. Тэд охиныг авч явах гэхэд сармагчингууд эсэргүүцэл үзүүлж байснаас чадаагүй юм” гэж ярьжээ.

Сүүлд тухайн ширэнгийн хамгаалалтын цагдаа охиныг аварсан юм. Цагдаа охиныг машиндаа суулган авч явахад сармагчингууд араас нь хөөж байжээ.

Одоо цагдаа нар охиныг хэрхэн ширэнгэнд хаягдсан, эцэг эх нь хэн болохыг судалж байна. Хэн болохыг нь тодруулах хүртэл охиныг асрамжийн газарт байлгахаар болжээ.

 

Эх сурвалж: Japan Times