Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Нийслэлд амьдарч буй 1.3 сая хүний эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх хэрэгтэй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сар тутам цаг үеийн асуудлаар дүүргийн Засаг дарга нартай уулзалт хийж буй юм.

Энэ удаад хог хаягдлын талаар болон тохижилтын ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, дүүргийн Засаг дарга нарт үүрэг өгсөн юм. Дараагийн сарын уулзалтаараа хотын бүтээн байгуулалтын сэдвээр уулзана гэлээ.

 “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргаж энэ сарын 20-ноос ирэх тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна.

Бямба гараг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгасан байгаа. Өнгөрсөн бямба гарагт их цэвэрлэгээнд нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48,481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн” гэв.

"Хоггүй Хан-Уул" аяныг зохион байгуулж ажиллаж байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ““Хоггүй Хан-Уул” аяныг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна. Аяны хүрээнд  өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хороод, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг 917  аж ахуйн нэгж байгууллага, 5,994 иргэнд хүргүүлж, гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж ажиллалаа.

Ингээд дүүргийн хэмжээнд нийт 917 аж ахуйн нэгж байгууллага, 5,994  хүн оролцож 83.6  тонн хогийг цэвэрлэж, 29  рейсээр тээвэрлэсэн” хэмээн онцлов.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Хэдийгээр санхүүгийн хямралтай байгаа боловч хот тохижилтын зардлыг танаагүй байгаа. Дүүргүүдийн хүн ам, газар нутгийн хэмжээнээс хамаарч дүүргүүдийн төсөв харилцан адилгүй байгаа. ИТХ-аар 1 тонн хог хаягдлыг зөөхөд ямар хэмжээний хөрөнгө зарцуулах, 1 м.кв тохижилтод ямар хэмжээний хөрөнгө зарцуулах, 1 оршин суугчаас өдөрт хэр хэмжээний хог гарах зэрэг стандартуудыг тогтоосон байгаа.  

Хамгийн багадаа Багахангай дүүрэгт 500 сая төгрөг, хамгийн ихдээ Чингэлтэй дүүрэгт 11 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Төсөвлөгдсөн зардлаараа хог хаягдалыг бүрэн хэмжээгээр цэвэрлэх боломжтой.

Хавар болохоор цасан доороос нэлээн их хог гарж ирдэг. Бид аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, иргэдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж ажиллах ёстой. Энэ дээр хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна. Эс бөгөөс хэн дуртай нь хогоо асгаж, хэн дуртай нь далан сэтэлж засвар хийж байгаа байдал ихсэж байна. Тиймээс зөвхөн төр засаг хариуцлага хүлээхгүй, иргэд ч мөн дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй байгаа юм . 

Нийслэл хотод амьдарч буй 1,300,000 хүний эрүүл мэнд, эрүүл амьдрах орчны төлөө бүгдээрээ хариуцлагатай байх ёстой гэж уриалж байна" гэлээ.

Нийслэлийн Засаг Дарга хот тохижилт, хог хаягдлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэгдлээ.

  • Хог ачих давтамжаа хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй
  • Хогийн цэгүүдийг хотын нэгдсэн стандарттай болгох хэрэгтэй
  • Хог хаягдлыг ялгаж хаях асуудлыг нэвтрүүлэх тал дээр тодорхой ажлын хэсэг гаргаж ажиллах хэрэгтэй
  • Бүх хайс хашлагануудыг угаах 
  • Замын тэмдэглэгээнүүдийг бүгдийг нь угаах 
  • Сүхбаатарын талбайг угаах
  • Замын цагаан шугамууд харагдахгүй болсон. Энэ ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байна гэв.