Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Лондон хотод халдлага гарч 5 хүн амиа алдан 40 хүн бэртэж гэмтлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Манай цагаар өчигдөр орой 22:40 цагийн орчим Лондон хотын парламентын ордны ойролцоо халдлага гарч 5 хүн амиа алдан 40 хүн бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. Амиа алдсан таван хүний дотор халдлага үйлдэгч багтаж байгаа юм.

Нэгэн этгээд автомашин жолоодон Уэстминстерийн гүүрэн дээр явж байсан явган зорчигчид руу дайрсан байна. Ингэхдээ хоёр хүний амийг хөнөөж, олон хүнийг бэртээжээ.

Үүний дараа машин парламентын ордны дэргэдэх хашлагыг мөргөн зогссон байна. Энд машинаасаа буусан алуурчин хутгаар зэвсэглэн парламентын ордон руу гүйхдээ цагдаа нартай тулгарчээ. Тэрээр зэвсэггүй нэг цагдааг хутгалан хөнөөсний дараа өөр нэг цагдаад буудуулж алагдсан байна. Гүүрэн дээр Францын дунд сургуулийн сурагчид аялж яваад халдлагад өртөж олноор бэртэж гэмтсэн гэнэ. Мөн Өмнөд Солонгосын таван жуулчин гэмтсэн хүмүүсийн дотор байгаа ажээ.

 

Одоогоор алуурчны хэн болохыг тодорхойлж чадаагүй байгаа юм. Их Британий ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр орой мэдэгдэл хийхдээ алуурчныг ганцаарчилсан халдлага үйлдсэн гэдгийг баталсан байна.

Өчигдөр парламентын хуралдааныг цуцалж, ордонд хөл хорьжээ. Ордонд ажилладаг хэдэн зуун хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Харин өнөөдрөөс нийтийн танхим, лордын танхим хоёул хэвийн горимд хуралдаж эхлэхээр болжээ.

Өчигдөр Шотландын парламент тусгаар тогтнолын санал асуулгыг дэмжих эсэх талаар хуралдаж шийдэх байсан ч гарсан хэрэг явдалтай холбоотойгоор хойшлуулсан байна.

Орой нь Парис хотын Эйфелийн цамхаг Лондон хотод эмгэнэл илэрхийлж гэрлээ унтраажээ.

Алагдсан этгээдийн зургийг зарим хэвлэл үзүүлсэн бөгөөд зургаас харвал Исламын радикал үзэлтэн байж болзошгүй байна.

 

Эх сурвалж: BBC