Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Бат-Эрдэнэ: Д.Загдсүрэн МҮОХ-ны мөнгийг хувьдаа завшаад ял шийтгэгдэж байсан

ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны арванхоёрдугаар сард Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийг батлах тухай 2012 оны тогтоолыг хүчингүй болгох тогтоосон шийдвэр гаргасан.

Гэвч МҮОХ-ны хууль бус удирдлагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, тус хорооны VII чуулганыг энэ сарын 24-нд зохион байгуулахаар тов зарлажээ. Үүнийг эсэргүүцэж “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд ОАХ-ий гүйцэтгэх захирал, Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, тус хөдөлгөөний УЗ-ийн гишүүн, МУГТ Н.Баярсайхан, Н.Тамир, хуульч өмгөөлөгч М.Түмэннаст нар оролцов.

МҮОХ-ноос олимпийн чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг.  Сүүлд 2012 онд уг чуулган хуралдсан. Үүний дараа 2016 оны арванхоёрдугаар сард олимпийн чуулган хуралдах ёстой байсан хэдий ч МҮОХ-ны удирдлагууд чуулганыг хойшлуулж энэ сарын 24-нд хийхээр зарлажээ. Гэвч уг чуулганыг зохион байгуулах гэж буй МҮОХ-ны удирдлагууд хүчин төгөлдөр гишүүд биш, чуулган ч хууль бус гэдгийг “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ий гишүүд хэллээ.

“Олимпизмийг аврах хөдөлгөөн” -ий гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ

 
Гэрэл зургийг www.mpa.mn

Бид 2012 оны олимпийн хорооны чуулганыг хууль бус бүрэлдэхүүнтэй болсон тул хүчингүй гэж үзсэн. Улмаар хоёр жилийн турш шүүхийн байгууллагаар асуудлыг шийдүүлэхээр явсан. Нийслэлийн шүүхээс 2012 оны хурлын нийт гишүүдийн бүрэлдэхүүнийг хууль бус гэж үзэж, шийдвэр гаргасан. Тэгэхээр одоогийн зохион байгуулах гэж байгаа энэ чуулган болон 2012 оноос хойш МҮОХ-оос зохион байгуулсан бүх үйл ажиллагаа хууль бус бүрэлдэхүүнтэй явагдсан гэсэн үг. Гэвч МҮОХ-ны удирдлагууд улсын дээд шүүхэд давж заалдаад байгаа юм. Маргааш дээд шүүхийн шийдвэр гарна.

2014 оны нэгдүгээр сард МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гэгч олимпийн хорооны хөрөнгө мөнгийг буруугаар ашигласны улмаас гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн ч өршөөгдсөн. Шүүхээс ял сонссон хүн олон улсын олимпийн хороо, МҮОХ-ны дүрмээр ерөнхийлөгч байх ёс зүйгүй. Гэтэл тэрбээр 16 жилийн турш ерөнхийлөгч байсаар ирсэн төдийгүй дахин ерөнхийлөгч болохоор санаархаж хууль бусаар чуулганы тов зарлаад хорооны ерөнхийлөгчид өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн байна. Тэгээд сонгуулийн комисс гэж гурван хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулжээ. Сонгуулийн комиссийн даргаар МҮБХ-г 27 дахь жилдээ тэргүүлж байгаа Ц.Нямдоржийг өөрийн дураар тавьсан байх юм.

Гишүүдэд нь өөртэй нь цуг хамтарч гэмт хэрэг үйлдсэн нь прокуророор тогтоогдсон Б.Наранцэцэг гэдэг эмэгтэй байгаа юм. Олимпийн хорооны үүдэнд хорооны мөнгөөр баригдсан нь нэгэнт тогтоогдчихсон таван давхар байшин байдаг юм. Тэрийг Д.Загдсүрэн бэлэгдлийн гэрээгээр 2011 онд Б.Наранцэцэгт өгсөн байдаг. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хамсаатан хүмүүсээр сонгуулийн комисс байгуулчихсан. Тийм учраас энэ чуулган, сонгууль огт зохион байгуулагдаж болохгүй. Хууль бус бүрэлдэхүүнтэй олимпийн хорооны хурлыг хийж болохгүй гэж бид үзэж байна. Энэ чуулганыг зохион байгуулахгүй байх талын арга хэмжээг бид авна.

Нэгдүгээрт Д.Загдсүрэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Хоёрдугаарт сонгууль, олимпизм цэвэр ариун, шударга байх ёстой.  Олимпийн хороо шударга ёсыг тогтоох ёстой. Шударга ерөнхийлөгч хороог удирдах ёстой.

 

Хуульч, өмгөөлөгч М.Түмэннаст

 
Гэрэл зургийг www.mpa.mn

2012 оны 07 тоот тогтоолоор олимпийн хорооны гишүүдийг баталсан тогтоол байгаа юм.

Энэ тогтоол нь олимпийн хаалт болон МҮОХ-ны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн байдаг. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн давж заалдах шүүхээс уг маргааныг хянан хэлэлцээд уг тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй яваа. Хариуцагч тал болох МҮОХ нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэгдэж байна. Хурал гуравдугаар сарын 9-нд болохоор байсан.

Гэтэл хариуцагч талын өмгөөлөгч байхгүй гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан. Хойшлуулахдаа гуравдугаар сарын 25-ныг хүртэл хойшлуулсан байгаа юм. Энэ нь учиртай. Ямар нэгэн байдлаар гуравдугаар сарын 24-нд МҮОХ-ны VII их хурлыг зохион байгуулах зорилготойгоор шүүхийн үйл ажиллагааг удаашруулсан байгаа юм.

Үүнд бид гомдол гаргаж, шүүх хурлыг маргааш зохион байгуулахаар болгосон.

Олимпийн хорооны гишүүдийг баталсан 2012 оны  тогтоол нь хүчингүй. Тиймээс 2012 оноос хойш МҮОХ-оос гарсан бүх шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Энэ удаагийн хурлын  шийдвэр нь ч хүчин төгөлдөр бус. Учир нь гишүүд нь хууль бус учраас шийдвэр хүчингүй. Ийм учраас бид шүүхэд дахин нэхэмжлэл гаргана. Энэ сарын 24-нд болох хурлын шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргана.

Мөн VII чуулганыг хуралдуулах гээд байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинж чанарыг агуулж байна гэж үзэж байгаа. Энэ дагуу АТГ-т гомдол гаргана.

 

“Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ий удирдах зөвлөлийн гишүүн Н.Тамир

 
Гэрэл зургийг www.mpa.mn

"Шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлдэггүй байдал олон зүйл дээр харагдаж байгаа. Ийм буруу жишгийг спортын нөхдүүд дэвэргэж байна. Нийслэлийн шүүхээс гаргасан шийдвэрийг МҮОХ-ны нөхдүүд биелүүлэхгүй VII их чуулганыг хийн гэнэ. Энэ хурал хийгдлээ гэхэд хурлаас гарсан шийдвэр нь хүчингүй байх учиртай” хэмээлээ.

“Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ий удирдлагууд дээрхи хууль бус үйлдэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хэлж, спорт, олимпизмын салбараа эрүүгийн гэмт этгээд, луйварчдаас салгахын төлөө, МҮОХ-ны чуулганыг хойшлуулахын төлөө спортын холбоодыг хамтран ажиллахыг уриалав.

 

Г.Тэгшсүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.