Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сувдмаа: ХӨСҮТ-д менингококкын эсрэг вакциныг Лхагва, Баасан гарагт хийж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
 

Менингококк нь агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд дамждаг халдвар юм. Уг өвчний халдвараар 19 хүртэлх насны хүмүүс тэр дундаа 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг байна.

Өвчнөөс сэргийлэхийн тулд хувийн болон орчны ариун цэврийн дэглэмийг сайтар баримтлах, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхээс гадна вакцин хийлгэх юм. Тиймээс менингококкын халдварын эсрэг вакцинд хэрхэн хамрагдах талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. 

-Менингококкын эсрэг вакцинд хэрхэн хамрагдах боломжтой вэ?

-Жил бүрийн хаврын улиралд буюу 3-5 дугаар сард халдварт менингококк өвчний тохиолдлууд гардаг. Тиймээс уг өвчнөөс сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг манай төвд долоо хоног бүрийн Баасан гарагт хийдэг байсан. Харин одоогийн байдлаар өвчний тархалтын үе эхэлж байгаа тул долоо хоногийн Лхагва, Баасан гарагт 13,500 төгрөгөөр дархлаажуулалт хийж байна.

-Вакцинд ямар нэг хориглох заалт бий юу?

-Сайн дурын дархлаажуулалт хийлгэхэд ямар нэг хориглох заалт байхгүй хэдий ч тарилга хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авах шаардлагатай юм. Мөн вакцинд 6 сартайгаас дээш насныхан хамрагдах боломжтой.

Ийнхүү ХӨСҮТ-д хийгдэж буй вакцин нь ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн шалгуур үзүүлэлтэд нийцсэн өндөр шаардлага хангасан үйлдвэрүүдээс нийлүүлдэг байдаг байна. Түүнчлэн хэрэв өвчин гарвал тухайн голомтод буй иргэдэд тархвар судлалын заалтаар вакциныг үнэ төлбөргүй хийдэг аж.