Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуягийн байцаалт дуусчээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын экс ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт /АТГ/ дуудаж байцаалт авсан.

Тэгвэл дөнгөж сая түүний байцаалт дууссан талаар АТГ-аас мэдээллээ. 

Түүнийг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсных нь хувьд Хөгжлийн банктай холбоотой асуудлаар байцаасан юм. 

Түүнчлэн Н.Алтанхуягийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263.2, 270-р зүйлийг үндэслэн дуудаж байцаасан ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр өглөө АТГ-д байцаалт өгөхөөр ирэхдээ "Би өмнө нь АТГ-д Монголыг дээрэмдэж байгаа бүлэглэл, хулгай луйвар их байна.

Тэд нарыг та нар шалгаач хэмээн олон баримт өгч байсан гэвч тэд нарыг шалгадаггүй юм байна лээ" гэж ярьж байсан юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

 


Эрүүгийн хуулийн заалтууд:

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
           
263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

270 1 дүгээр зүйл.Хууль бусаар хөрөнгөжих
270 1.1.Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

270 1.2.Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ хуулийн 270 1 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ.