Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017" бизнес уулзалт энэ сарын 20-нд болно

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран "Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" бизнес уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байгаа талаар НЗД-ын орлогч П.Баярхүү өнөөдөр мэдээлэл өглөө.


Энэхүү бизнес уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх.

"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Мөн гадаад, дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа энэхүү уулзалтаар танилцуулна.

Хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө бизнесийн салбарынхан ийнхүү чуулж, 2017 онд нийслэл хотод ямар хэмжээний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийхээ хамтран ярилцах аж.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид гээд 1,000 орчим бизнесийн салбарынхан нэг дор цуглах нь.