Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын хэсгийнхэн 1.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ

Р.Төгс
2017 оны 2 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

Улсын ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулсан.

Үүний дагуу ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажлын хэсэгт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийнхэн багтаж ажиллахаар болсон юм.

Тэдний шалгах баримтжуулах гол зүйл нь Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл буй эсэхийг тогтоох АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх байсан юм.

Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон юм. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Хөгжлийн банкинд учруулсан хохирлын 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Энэ мэтээр тус банкинд учруулсан хохирлыг төлүүлж дуусгахаар ажиллаж буй аж. Ямартай ч одоогийн байдлаар дээрх хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд нийт хэчнээн тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг эцэслэн тогтоогоогүй байгаа аж. УИХ болон Хууль зүйн яамнаас байгуулагдсан Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банк нь 1.3 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчилтэй хэмээн мэдээлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, тус банкинд Чингис бондын талтай дүйх 1.3 их наядын санхүүгийн зөрчил илэрсэн гэсэн үг. Тиймээс АТГ-аас өнгөрсөн есдүгээр сараас эхэлж Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Зураг