Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Apple 160 сая OLED дэлгэцийг Самсунг компанид захиалжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Энэ жил Apple компанид асар их хэмжээний OLED дэлгэц хэрэг болох бололтой. Үүнийг нь Өмнөд Солонгосын Samsung Display компани нийлүүлэхээр болжээ.

Даваа гарагт “The Korea Herald” сонинд Samsung Display компани Apple-аас 160 сая OLED дэлгэцийн захиалга авсан тухай мэдээлсэн байна. Уг гэрээний үнийн дүн 5 их наяд вон буюу $4.3 тэрбум болсон гэнэ.

Мэдээж ийм том хэмжээний захиалга хийх болсон нь ирэх намар худалдаанд гарах шинэ iPhone утасны үйлдвэрлэлтэй холбоотой.

OLED (Organic Light Emitting Diode) технологийн дэлгэцтэй гар утсыг Apple хэзээ ч хийж байгаагүй. Өмнөх бүх загварууд LCD дэлгэцтэй юм.

Apple компани жилд 200 сая орчим iPhone борлуулдаг. Гэхдээ энэ нь хуучин загваруудаа оруулсан тоо. Тиймээс 160 сая дэлгэц гэдэг бол шинэ iPhone-ий хувьд хангалттай тоо юм.

Samsung Display компани OLED дэлгэцийн үнэмлэхүй аварга үйлдвэрлэгч бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сарын тоо баримтаас харвал тэд зах зээлийн 99 хувийг дангаар эзэлдэг.

Тиймээс хэдийгээр Самсунгтай өрсөлддөг хэдий ч Apple компанид өөр сонголт байхгүй юм байна.

 

Эх сурвалж: The Korea Herald