Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилээр томилно

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 2 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн Баасан гарагт нэр бүхий гишүүд өргөн барив. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн албан хаагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалж өгсөн бэ?

-УИХ-ын нэр бүхий 12 гишүүн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж бэлтгээд УИХ-ын даргад өргөн барилаа. Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны хуультай харьцуулахад гурав дахин их, олон асуудал тусгасан зургаан хэсэг 33 бүлэг, 109 зүйлтэй томоохон хууль гэж хэлж болно. УИХ-аас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн. 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний дүнд тодорхой ахиц дэвшил гарсан. Гэвч цаашид чадахуйн зарчимд суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

Хамгийн тогтвортой байх ёстой зүйл бол төрийн алба. Төрийн албыг яаж завхруулж, халж сольж, нэг нь нөгөөгөө халахын төлөө төрсөн юм шиг болсон гажгийг бид өнөөдөр өөрчлөх ёстой. Тиймээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэгт заавал орж ажиллах ёстой гэж бодсон. Үүний дүнд хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж өргөн барилаа. Төрийн албыг тогтвортой, хариуцлагатай байлгах асуудлыг цогцоор нь хуульд тусгасан гэж ойлгож болно.

-Хуулийн үзэл баримтлалын талаар тодруулна уу. Хууль батлагдсанаар төрийн алба улс төрөөс хараат бус байх бололцоо бүрэн дүүрэн хэрэгжих үү?

-Хуулийн төслийн онцлогийн талаар гуравхан зүйл хэлье. Хуулийн төсөл төрийн албыг улс төрийн албаас аль болох ангид байлгахад чиглэсэн. Мөн улс төрийн оролцоог багасгах гол үзэл баримтлалтай.

Төрийн захиргааны хамгийн дээд албан тушаал болох Төрийн нарийн бичгийн даргаар жишээ авъя. Энэ албан тушаалд томилогдох хүний төрийн албанд ажиллах шаардлагыг өндөржүүлсэн. Сонгуулийн дараа хэн нэгэн улстөрч төрийн захиргааны албан тушаалд хүн тавихад улс төрийн шалгуураар бус төрийн албаны мерит зарчмыг үндэслэдэг чиглэл рүү явж байна.

Яамны Төрийн нарийн бичгийн дарга 16 жил төрд ажилласан байх ёстой. Үүнд эрхэлсэн түшмэл буюу яамны газар, хэлтсийн даргаар наймаас доошгүй жил ажилласан хүн байх юм. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаатай томилдог байхаар хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн циклиэс зөрүүлнэ гэсэн үг. Энэ бол төрийн албыг улс төрөөс ангид байлгахад чиглэгдсэн чухал өөрчлөлт гэж хууль санаачлагчид үзсэн.

Төрийн албыг тогтвортой байлгах асуудал их чухал. Тиймээс төрийн албанд карьерын зарчим буюу шатлан дэвших тогтолцоог үндсэн зарчмаа болгосон. Ингэснээр сул орон тоо гарсан тохиолдолд зөвхөн төрийн албан хаагчид, төрийн удирдах албан тушаалтнууд дотроо сонгон шалгаруулалт явуулна. Хэрэв сонгон шалгаруулалтад төрийн албанаас хүн орохгүй бол төрийн байгууллагуудаас хүн авч болно. Эсвэл нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс ажилд авч болно. Ингэснээр төрийн алба тогтвортой байхын зэрэгцээ чадавхитай ажиллах боломжийг хангаж өгнө.

-Ажилтнаа үндэслэлгүйгээр халсан дарга нөхөн төлбөрийг өөрөө хариуцах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна лээ. Үүнээс өөр хариуцлагыг чангатгасан зүйл заалт оруулж ирсэн үү?

-Төрийн алба маш хариуцлагатай байх ёстой. Үүнийг ч мөн адил Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хууль бус шийдвэр гаргасан төрийн удирдах албан тушаалтан байх юм бол тухайн шийдвэрээс үүдэж гарсан хохирлыг тэр дарга өөрөө төлнө. Үндэслэлгүй, хууль бусаар хүн халах юм бол цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн хүн хариуцна гэсэн үг.

Сонгуулийн үр дүнгээр нэг дарга солигдоход ажлаас халагдаад хэдэн жил шүүхээр заргалдаад цалин авдаг жишээ цөөнгүй бий. Тэр хүний цалинг төр буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг гажиг тогтолцоо үйлчилсээр ирсэн. Үүнийг халах ёстой. Халахгүйгээр төрийн алба иргэдэд чин шударгаар үйлчилдэг чадвартай байж чадахгүй. Төрийн албаны зөвлөлийн үүргийг нэмэгдүүлж, хариуцлагыг өндөржүүлж байгаа.

Төрийн албаны хууль шинэчлэгдсэнээр Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэрийг цуцалдаг, хүчингүй болгодог эрх мэдэлтэй  болно. 

Одоо бол Төрийн албаны зөвлөлд хандсаны дараа заавал шүүхийн шатанд очиж байж асуудал шийдэгддэг байгаа. Өөрөөр хэлбэл, халагдсан төрийн албан хаагч Төрийн албаны зөвлөлд хандаж хууль бусаар халагдсан эсэхээ тогтоолгоно. Үүний дараа шүүх дээр очиж цөөнгүй хоног гацдаг.

Ингэж явсаар хэдэн сар, жилээр сунжрах тохиолдол бий. Тэгвэл Төрийн албаны хууль шинэчлэгдсэнээр Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэрийг цуцалдаг, хүчингүй болгодог эрх мэдэлтэй  болно.

Ингэснээр төрийн алба илүү хариуцлагатай, янз бүрийн халаа солио байхгүй болно.

-Байгууллага татан буугдах үйл явц хуулийн хүрээнд хэр нарийн ажиллагаатай байдаг вэ. Байгууллага нь татан буугдаж, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн нэрээр цөөнгүй хүн ажлаас халагдсан тохиолдол гарсан. Энэ тохиолдолд яах вэ?

-Төрийн алба улс төрөөс ангид байх байдал үгүй болсон. Хуулиар бүх зааг хязгаарыг нь ангилж өгөх хэрэгтэй. Жинхэнэ хэрэг дээрээ татан буугдаагүй байхад татан буугдсан нэр зүүж байгаад хүмүүсийг бүтцийн өөрчлөлт нэрээр халдаг. Аливаа байгууллага татан буугдана гэдэг хуулийн дагуу маш нарийн ажиллагаатай.

Халагдсан хүмүүст 36 сарын тэтгэмжийг төлж байж нэг секунд ч байсан хууль үйлчлэх ёстой юм. Одоо бол хэлбэр төдий зүйл болж байгаагийн дээр үүнийгээ далимдуулж  хүн халах зөвтгөл байгаа. Үүнийг болих цаг болсон. Ажлын хэсгийнхэн энэ асуудалд анхааралтай, нухацтай хандсан. Өргөн барьсан хуулийн төсөлд тухайн байгууллага татан буугдсан тохиолдолд ажлын байранд өөрчлөлт орсон гэж үзнэ.

Түүнээс бүтцийн өөрчлөлт нэрээр үг, үсэг өөрчилж, доторх зохион байгуулалтыг нь нэгтгэж хуваагаад хүн ажлаас халахыг хориглохоор болсон. Татан буугдсан нь тогтоогдсон бол хуулийн дагуу 3-6 сарын тэтгэмжийг нь олгоно.

-Төрийн албаны хуульд бусад улс орноос хэр туршлага судалсан бэ. Манай улсын орчин нөхцөлд тохирох жишээ байсан уу?

- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын төрийн албатай холбогдсон хууль тогтоомж, туршлагыг судалсан. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад тулгуурлан боловсруулсан.

Шинэчлэн боловсруулсан хуулиар Төрийн бус байгууллагаас бүрдсэн олон нийтийн зөвлөлийг бий болгох асуудлыг хөндсөн. Хуулийн хүрээнд шинээр байгуулагдах Олон нийтийн зөвлөл нь төрийн үйлчилгээний чанар хүртээмж иргэдэд хүрч байгаа эсэх, ил тод нээлттэй, хяналттай байж чадаж байгаа үгүйд дүгнэлт хийх үүрэг хүлээнэ.  

Мөн Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын ажлыг Төрийн албаны тухай хуулиар дүгнэдэг болно. Төрийн захиргааны албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн гэсэн  бүлгийг шинээр оруулж ирсэн. Ингэснээр албан хаагчдын ажил үүрэг, түүнийг дүгнэдэг системийг тодорхой болгох юм.

Зураг