Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Сингапурын хөгжлийн нууц

МОНСУДАР
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Сингапурын эцэг”  хэмээн нэрлэгддэг тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номын нээлт өчигдөр 13:00 цагаас Интерном номын дэлгүүрт болж өнгөрсөн юм.

Уг номыг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гаргаж байгаагаараа онцлог ажээ. Учир нь Английн тэнгисийн цэргийн бааз байрлаж байсан загасчдын тосгоныг хэдхэн жилийн дотор дэлхийд тэргүүлэх хөгжилтэй улс болгоход Ли Куан Ю чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй энэ хүний “улс орноо өөрийн гэр орноо эмхэлж байгаа юм шиг цэгцэлсэн” туршлага, төр удирдах арга барилыг өгүүлсэн уг номоос монголчууд олон зүйлийг сурч, мэдэх боломжтой хэмээн нээлтийн үеэр үг хэлсэн олон хүмүүс хэлж байлаа.

 

Сингапур нь ердөө л намгархаг арал байсан тул тухайн үед олон улсын бодлогыг тодорхойлж байсан улс төрчид  Английн цэрэг гарч явсны дараа Сингапурын оршин суугчид зовлонд унаж, эдийн засаг, улс төрийн сүйрэл тус оронд нүүрлэнэ хэмээн зөгнөж, Сингапур бие даасан улс байж чадахгүй гэж үзэж байжээ.

Тус орны ард иргэд олон үндэстнээс бүрдэж байсан нь үүнд бүр ч нэрмээс болж байжээ. Сингапурын оршин суугчдын ихэнх нь хятад үндэстнүүд бөгөөд малай, энэтхэгчүүд бас бий. Уг аралд байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй. Хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахыг бүх талаар хичээж байсан хүнд хэцүү үе ч байв. 

 

Гэвч энэ хотын түүх Ли Куан Ю хэмээх хүний ачаар хөгжлийн өөр жимээр замнасан билээ. Сингапурын уугуул иргэн түүнийг энэ улсын төрт ёсыг үндэслэгч гэж дэлхий дахин үздэг. Ли Куан Ю “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номдоо Сингапурыг хэрхэн улсын дайтай улс болгож, капиталист болон коммунист хөгжлийн загварыг эс хайхран өөрийн онцлогтой өвөрмөц замаар улс орноо хөгжүүлсэн тухай өгүүлжээ.  

 

Ли Куан Ю өөрөө Англи улсад боловсрол эзэмшсэн хэдий ч Сингапурыг Английн колонийн дарлалаас ангижруулахыг цаг үргэлж мөрөөддөг байжээ. Их сургуулиа төгсөөд 1950 онд эх орондоо эргэж ирсэн тэр мөчөөс эхлээд Ли Куан Ю эх орныхоо эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцэж эхэлсэн байна.   

Уг номыг та өнөөдрөөс эхлэн Интерном номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.