Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг TV эзнээ тагнаж байсан нь илэрч, үйлдвэрлэгчийг нь торгожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт АНУ-ын FTC (Federal Trade Commission) байгууллага Америкийн томоохон телевиз үйлдвэрлэгч Vizio компанийг хэрэглэгчээ тагнасан гэж буруутган шүүхдсэний дүнд $2.2 саяар торгохоор болжээ.

Vizio компани өөрийн борлуулсан хэдэн сая ухаалаг TV-ээр дамжуулан хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулж, түүнийг нь тус компани сурталчилгааны компаниудад зардаг байсан гэнэ.

2010 оноос эхлэн 11 сая интернэтэд холбогддог TV зарсан Vizio компани үндсэн гурван аргаар мэдээлэл олж аваад бусдад зардаг байжээ.

Эхний арга нь хэрэглэгч ямар хөтөлбөр үзэж байгааг дэлгэцэнд гарч байгаа дүрснээс секунд бүрт шалгаж мэдэх.

Дараа нь сурталчилгаа үзсэнийхээ дараа интернэтийн ямар сайт руу орж байгааг IP хаягаар нь олж мэдэх. Сүүлд нь мөн гар утас, таблет зэрэг бусад төхөөрөмжүүдийн хэрэглээнд нь TV сурталчилгаа ямар нөлөө үзүүлж байгааг хэмжих.

Ингэхдээ дэлгэцний хэсэгт гарч байгаа дүрсийг тасдаж аваад сервэр рүүгээ илгээх ба Vizio-ийн сервэр түүнийг нь өөрийн агуулгын сан дотроос хайж үзээд ямар мэдээлэл үзэж байгааг тодруулдаг байжээ.

Ингэж олсон мэдээллээ Vizio компани IP хаяг дээрх хэрэглэгчийн нас, хүйс, орлого, гэр бүлийн байдал, боловсрол зэрэг хувийн бүртгэлтэй нь холбож нэгтгээд маркетингийн компаниудад зарж байсан гэнэ.

Vizio нь Хойд Америкийн хоёр дахь том TV үйлдвэрлэгч. Нэгдүгээрт Самсунг ордог бол гуравдугаарт LG жагсдаг байна.

Энэ хэрэг нь ухаалаг TV эзнээ тагнасан анхны тохиолдол болж, TV үйлдвэрлэлийн салбарын нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй байгаа юм.

Ихэнх үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ Smart боломжуудыг анхнаас нь идэвхгүй байлгаж, зөвхөн хэрэглэгч өөрөө нээхээр тохируулдаг. Гэтэл Vizio компани анхнаас нь нээлттэй байх горимыг санаатайгаар тохируулсан нь тэднийг буруутгах бас нэг үндэслэл болж байгаа юм.

 

Эх сурвалж: New York Times