Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сумъяа: Амжилтын төлөө энэ спортоор хичээллэж байгаа учир гаднаас санал ирвэл би явна

Н.Пунцагболд
2017 оны 2 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Залуучуудын өвлийн олимпийн аварга, Монголын шилдэг залуу тамирчдын нэг Б.Сумъяатай ярилцлаа. Тэрбээр нэгдүгээр сарын сүүлчээр болсон тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шилдэг тамирчин болохоо баталсан билээ.

-Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Энэ удаагийн улсын аваргад хэдэн метрийн зайд уралдаж, ямар амжилт үзүүлэв?

-Бага олон төрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн 500, 1,000, 1,500, 3,000 метрийн зайд болоод нийлбэр дүнгээр аваргуудаа тодруулдаг. Бүх зайд  уралддаг. Би 500, 1,500, 3,000 метрийн зайд хоёрдугаар байрт орж, 1,000 метрийн зайд түрүүлсэн. Мөн нийлбэр дүнгээр түрүүлж, улсын аварга болсон.

-Монголд өрсөлдөгч хэр байна. Дөрвөн зайн гуравт нь хоёрдугаар байрт орсон гэхээр нэлээд өрсөлдөөнтэй улсын аварга болж дээ?

-Цөөхөн хүчтэй өрсөлдөгч л байгаа. Түүнээс биш хүчтэй өрсөлдөөн үзүүлэхээр олон тамирчин байхгүй. Үндэсний шигшээ багийн гурван эмэгтэй тамирчин хоорондоо өрсөлддөг. Тэр гурван тамирчны хооронд гол өрсөлдөөн болсон. Тухайлбал, 500 метрийн зайд гэхэд 20 тамирчин уралдсан. Оролцогчдын хувьд бол цөөдөхгүй.

Гэхдээ шигшээ багийн гурван тамирчин хоорондоо хүчтэй өрсөлдөөн үзүүлж, долийн зөрүүтэй барианд орж, эхний байруудад шалгарч байгаа юм. Бусад нь бол биднээс секундээр хоцорч барианд орсон.  Хөдөө, орон нутгаас цөөнгүй тамирчин ирж оролцсон. Мөн дэлхийн оюутны универсиад наадам болж байгаа болохоор оюутан тамирчид их оролцсон шүү.

-Улсын аваргын өмнө бэлтгэлээ Монголдоо л базаасан уу. Ямархуу нөхцөлд бэлтгэл хийж байна вэ?

-Хандгайтын мөсөн гулгуурын талбайд бэлтгэлээ хийсэн. Шигшээ багийн тамирчдыг “Олимп” цогцолборт байрлуулаад, бэлтгэл хийлгэсэн. Шигшээ багийнхан тэндээ бөөгнөрөөд л бэлтгэлээ хийсэн дээ. Нөхцөл бол тааруу. Үндэсний шигшээ багаас зургаан тамирчин, хоёр дасгалжуулагч, Тэшүүрийн холбооноос гурван тамирчны зардлыг гаргаж, тэнд 10 гаруйхан хүн байрлаж бэлтгэл хийсэн.

Бид яах вэ, “Олимп” цогцолборт байрласан болохоор гайгүй. Бусад тамирчид өглөө Улаанбаатар хотоос автобусаар ирээд, орой буцдаг. Хувцас солих байр нь гэхэд зүгээр нэг чингэлэг. Мөс нь шаардлага хангахгүй. Зарим газраа хагарчихсан, үелчихсэн байх жишээтэй. Ерөнхийдөө л хэцүүхэн нөхцөлд тэшүүрийн тамирчид бэлтгэлээ хийж, улсын аваргаа зохион байгуулсан гэхэд болно.

-Энэ удаагийн улсын аваргаар үзүүлсэн цаг ямар байв. Олон улсын тэмцээн уралдааны амжилттай харьцуулбал?

-Ерөнхийдөө гайгүй уралдсан. Гэхдээ битүү мөсөн гулгуурын талбайд уралдсанаас эрс өөр л дөө. Мөсний хатуулаг чанар, цаг агаарын байдлаас шалтгаалаад задгай талбайн амжилт муу байдаг.  

-Шигшээ багийнхан оны өмнө Хятад руу явж бэлтгэл хийсэн дээ. Тийм болохоор бусдаасаа хамаагүй илүү байсан байх?

-Шигшээ багийн тамирчид өнгөрсөн оны аравдугаар сард 21 хоногийн бэлтгэл хийгээд ирсэн. Я.Зоригтбаатар бид хоёр арваннэгдүгээр сард Беларусь руу явж, Залуучуудын дэлхийн цомд оролцсон. Бусад тамирчид Монголдоо бэлтгэлээ хийж байгаа шүү дээ. Шигшээ багийн тухайд гурван тамирчинтай.

Нэг нь бүр өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Хятадад мөсөн дээр гарч байгаад арваннэгдүгээр сард ирсэн. Биднийг бодвол мөсний бэлтгэл илүү хийсэн учраас энэ удаагийн улсын аваргад сайн оролцсон. 500 метрийн зайд түрүүлсэн. Ер нь бол бид зуны хуурай бэлтгэлээр л мөсний бэлтгэлээ нөхдөг. Бусад орны тамирчид наймдугаар сараас хойш мөсөн дээр гараад, бэлтгэлээ хийгээд, хоёр, гуравдугаар сар хүртэл гулгачихдаг.  Гэтэл бид тэгж чадахгүй байна.

Энэ жил гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр л мөстэй золгосон. Тэр нь чанарын болоод стандарт шаардлага хангахгүй. 400-гийнх биш 200 метрийн талбайд гулгана. Сагсаар бол нэг талдаа л тоглоод байгаагаас ялгаагүй гэсэн үг л дээ.

-Одоо удахгүй Японд Азийн тоглолт болно. Тийшээ явах гээд л бэлтгээд байна уу?

-Бэлтгэлээ Хандгайтдаа л хийнэ. Өөр бэлтгэл хийх газар Монголд байхгүй шүү дээ. Гадагшаа цугларалтад гарах арай болоогүй байх. Манай зарим тамирчид Казахстан руу универсиадад явчихсан байгаа.  

-Азийн төвшинд түрүүлж буй тамирчдын үзүүлж байгаа цаг гэж бий. Тэгвэл чиний Монголд бэлтгэл хийгээд үзүүлж байгаа цаг тэдний үзүүлэлт рүү дөхөж очиж байна уу?

-Дөхөж очно оо, хоёр, гурван секундын зөрүүтэй л байгаа. Гэхдээ энэ бол нэлээд хөдөлмөрлөж байж нөхөх цаг л даа. Тэмцээний өмнө бид Японд эрт очоод, мөсөн дээр гараад, орчин нөхцөлдөө дасах цаг байхгүй юм билээ. Энэ сарын 18-нд Японд очино гэсэн. Тэмцээн 20-нд эхлэх байсан байх аа. Тэгэхээр бэлтгэл хийх цаг байхгүй гэсэн үг. Гэхдээ яах вэ, огт өөр биш, адилхан л мөс шүү дээ. Цагийн зөрүү ч гайгүй. Монголоос тэшүүрийн төрөлд зургаан тамирчин оролцоно. Би 500, 1,000, 1,500 метрийн зайд уралдах байх.

-Аль зайд нь илүү амжилт үзүүлэх боломжтой гэж бодож байна?

-Ерөнхийдөө гурвууланд нь сайн уралдах боломжтой. Хувийнхаа амжилтыг ахиулах зорилготой байгаа. Хувийнхаа рекорд амжилтыг эвдэнэ гэж төлөвлөж байна.

-Фэйсбүүк хуудсандаа заримдаа нэлээд бухимдангуй пост оруулж харагддаг. Тэшүүрийн холбооны үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байх шиг. Ер нь бухимдахаар зүйл их гарч байна уу?

-Холбооны үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрс муудсан. Тийм болохоор би нэлээд бухимдалтай байгаа. Тамирчид ч гэсэн их хохирч байна шүү дээ. Тамирчдыг бэлтгэл сургуулилт хийлгэх, дэмжих тал дээр ажиллахгүй байгаа. Миний харж байгаагаар хувийн ашиг сонирхол давамгайлаад байна уу гэж боддог.

Зарим тамирчдыг илүү дэмжих, нөгөөг нь шахах байдал хүртэл ажиглагддаг. Тухайлбал, сая оюутны универсиад наадамд гэхэд намайг явуулаагүй. Д.Энхбаяр багш бид хоёрын нэрийг хасчихсан байсан. Яагаад тэгсэн юм, бүү мэд. Гэх мэт асуудал байгаа. Универсиад наадамд тэшүүрчдээс гурван эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт явсан.

Эмэгтэй тамирчин Хятадад олон сар гулгасан Зул гэдэг охин л доо. Уг нь бид хоёрын дунд сорилго хийгээд ч юм уу, сонгон шалгаруулах маягаар явуулах болов уу гэж бодож байсан юм. Гэтэл яаж ч шийдсэн, жаахан хаалттай маягаар л сонгоод явуулчихсан.

-Цаашдын зорилго бол Олимп, дэлхийн хэмжээнд амжилт үзүүлэх л байж таарна. Тэгэхийн тулд чухам юу дутаад байна вэ?

-Мөс л дутагдаж байна. Дэмжлэг туслалцаа гэж байхгүй. Шигшээ багийн хэдхэн тамирчин арай дээр. Бусад тамирчдын хувьд ямар ч орчин нөхцөл алга. Шигшээ багийнхан  ч гэсэн хангалттай хэмжээнд бэлтгэл хийж чадахгүй байна. Яах вэ, бусад тамирчдаа бодвол арай дээр л гэж байгаа юм. Битүү дээвэртэй ордонтой болчих юм бол амжилт хамаагүй өснө.

Хувь тамирчдын ур чадварын хувьд дэлхийн шилдгүүдээс нэг их дутаад, тасраад үлдчихсэн гэж би бодохгүй байна. Гадаадын тамирчид мөсний гулгалт, бэлтгэл хамаагүй илүү. Бид тэдэнтэй адилхан наймдугаар сараас эхлээд мөсөн дээр гараад, дөрөвдүгээр сар хүртэл тасралтгүй бэлтгэл хийчихвэл амжилт өснө. Тэдэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд очно.

Одоо бол бид зуны бэлтгэлээрээ л бүх зүйлээ нөхдөг. Зун бэлтгэлээ маш сайн хийж байгаа болохоор гадны, өөрийнхөө насны залуу тамирчдаас хол хаягдчихалгүй өрсөлдөөд байгаа юм. Тасархай хол хоцрохгүй. Гэхдээ насанд хүрэгчдийн дэлхийн цомд өрсөлдөж байгаа тамирчдын хаана нь ч хүрэхгүй л дээ. Тэд чинь маш өндөр хангамжийн дор бэлтгэл хийж байгаа шүү дээ.

-Тэр тамирчидтай өрсөлдөж, ялж байж л Олимпийн наадамд оролцоно биз дээ?

-Харин тийм. Тэгэхээр адилхан л хангамжтай байж гэмээнэ тэдэнтэй өрсөлдөнө, ижил хэмжээнд уралдана шүү дээ.  Тухайлбал, үзүүлж байгаа цагийн амжилтаа харьцуулаад үзье л дээ. Дэлхийн цомд медаль хүртэж байгаа эмэгтэй тамирчид 500 метрийн зайд гэхэд 38 секунд гүйж байгаа. 40 секундын амжилт үзүүлж байж насанд хүрэгчдийн дэлхийн цомд оролцох эрхтэй болно.

41-ээс дотогшоо гүйж байж дэлхийн цомд орж чадна гэсэн үг.  Тэр тэмцээнд түрүүлж байгаа хүмүүс 37, 38 л гүйж байна. Мөснөөсөө бас шалтгаална. Монголын 500 метрийн рекорд амжилт 41.09. Дэлхийн цомын эрх авахад нэлээд дөхөж байгаа. Гэхдээ л бас болоогүй байна. 40 секунд гүйлээ гэж бодъё л доо, тэглээ гээд медальт байрт шалгарах боломж байхгүй. Медаль авч байгаа хүмүүс 38 секундын дотор долиор өрсөлдөж байна шүү дээ.

Манай Монголын 500 метрийн рекорд 41.09 гэсэн дээ. Энэ амжилтыг сая Универсиад наадамд явсан Зул эзэмшдэг. Гэхдээ Канад, АНУ, Хятадад байдаг хурд сайн гардаг мөсөн дээр тогтоосон цаг. Монголд 500 метрт 44 секунд л гүйж байгаа шүү дээ. Дэлхийн цомд түрүүлж байгаа тамирчдаас даруй зургаан секундээр хоцорч байна. Гэхдээ бид тэдэнтэй адилхан төвшинд бэлтгэл хийгээд, ижил хангамжтай байвал илүү гарна уу л гэхээс дутахгүй шүү.

-Тамирчин хүн болгоны хүсэл бол дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, амжилт гаргах байдаг. Гэтэл өнөөдөр тэшүүр болоод өвлийн спортын тамирчдыг дэмжиж байгаа юм алга. Дэлхийн шилдгүүдийн  шилдгүүд долиор өрсөлдөж байхад бид секунд яриад сууж байна. Ийм нөхцөлд шантрах үе гарах уу?

-Мэдээж шантрах үе гарна, янз бүрийн л юм бодогдоно. Битүү дээвэртэй ордон байхгүй болохоор гадаа бэлтгэл хийхэд маш их даардаг. Сая улсын аваргын өмнөхөн би хацраа, хамрынхаа үзүүрийг хөлдөөсөн. Хөл хөлдөх бол энүүхэнд. Хагарсан мөсний завсраар тэшүүр ороод, унах, бага сага гэмтэх тохиолдол ч гарна.

Гэхдээ юуны төлөө энэ спортоор хичээллэж, зорьж байгаа билээ. Хэзээ нэгэн цагт тэдэнтэй уралдаад ялах цаг ирнэ. Хамгийн гол нь тэр болтол бэлтгэлээ сайн хийж байвал болно гэж боддог. Удахгүй дэлхийн хэмжээнд хүрдэггүй юм гэхэд нэг их дутахааргүй хангамжтай болно гэж бодож, мөрөөддөг.

Би одоо дөнгөж 18-хан настай байна. Хүмүүс 25, 26 нас хүрээд илүү амжилт үзүүлж байгаа харагддаг. Надад амжилт гаргах он жил хангалттай байна.

-Манай улсын шинэ, шилдэг залуу тамирчдыг гадныхан авах гээд, янз бүрийн санал тавиад байгаа шүү дээ. Чамд санал ирж байна уу?

-Ганц хоёр санал ирсэн сураг байсан. Гэтэл “Өөр тамирчин байгаа” гээд болиулсан гэсэн. Тухайлбал, Норвегиос тийм санал ирсэн юм шиг байна билээ. Тэшүүрийн холбоогоор дамжиж санал ирж байгаа болохоор бид нарийн мэдээллийг нь сонсоогүй. Ямар ч байсан манайд өөр шилдэг тамирчин байгаа, түүнийг авах уу гэж цаад талдаа санал болгосон юм билээ.

Гэтэл цаад тал нь дахиж санал тавилгүй орхисон гэсэн. Нэг иймэрхүү зүйл холбоо хавиар болоод байгаа юм. Ерөнхийдөө нэг тамирчин руу илүү хандсан, дэмжсэн байдалтай л байгаа юм уу даа, янз нь.

-Хэрвээ дэлхийн шилдэг тамирчидтай адилхан хэмжээний цалин, хангамж өгье гэсэн санал ирвэл явах уу?

-Хэрвээ байнга мөсөн дээр гарч бэлтгэл хийгээд, дэлхийн том тамирчидтай адилхан хангамж эдлэхээр боломжийн санал гаднаас ирвэл явна. Амжилт гаргахын төлөө л энэ спортоор хичээллэж байгаа юм чинь Монголд юу хүлээж байх юм. Явсан нь дээр шүү дээ.

Манайд одоохондоо ямар ч хангамж алга. Сайхан болно гэж найдаад, хий мөрөөдөөд л байж байна. Гэхдээ тийм болтол хэзээ ч билээ, тийм биз дээ. Тийм болохоор би сайхан санал ирвэл явна аа.  

-Хамгийн ойрын зорилгоосоо хуваалцвал?

-Ирэх гуравдугаар сард Канадын Калгарид болох тэмцээнд очиж, хурд сайн гардаг мөсөн дээр уралдана. Тэнд томчуудын дэлхийн цомын эрх хийх зорилготой байна. Хэрвээ насанд хүрэгчдийн дэлхийн цомд оролцож чадвал цаашлаад Олимпийн наадамд оролцохын төлөө хөдөлмөрлөнө дөө.

Зураг