Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын гол зөвлөх Америк-Хятадын дайн ойрын жилүүдэд дэгдэнэ гэж ярьж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Стив Бэннон

Хэт барууны үзэлтэй, Цагаан ордонд хамгийн нөлөө бүхий хүн болоод байгаа Стив Бэннон өмнө нь цагаан арьстныг дөвийлгөх үзлээ нууж байгаагүй бөгөөд Өмнөд Хятадын тэнгист Америк-Хятадын хооронд дайн дэгдэх цаг удахгүй хэмээн хэлж байсан нь сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татах болжээ.

Трампын сонгуулийн кампайныг удирдаж байсан Бэннон өнгөрсөн оны гуравдугаар сард радио сувагт ярилцлага өгөхдөө “Ойрын 5-10 жилийн дотор бид Өмнөд Хятадын тэнгист дайн хийнэ. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй” хэмээн ярьж байжээ.

Тухайн үед хүмүүс Бэнноны үгийг төдийлөн ойшоогоогүй бол Дональд Трамп сонгуульд ялж, Стив Бэннон Цагаан ордны хамгийн нөлөө бүхий хүн болсон нь түүний хэлж ярьж байсныг эргэн харахад хүргэсэн байна.

Хятадын тал ч АНУ-тай дайн хийх нь “хоосон үг” биш, тун өндөр магадлалтай байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Бэннон одоо Дональд Трампын ахлах зөвлөх, Цагаан ордны ахлах стратегич болоод байгаа нь ерөнхийлөгчид хамгийн их нөлөө үзүүлэх байр суурь ажээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Трамп түүнийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд гишүүнээр томилсон.

Ийм албыг ихэнхдээ дээд тушаалын генералууд хашдаг байсан юм. Түүний томилгоог нэртэй сэтгүүлч Майкл Мүүр төрийн эргэлт гарснаас ялгаагүй хэрэг гэж мэдээлж байв.

Бэннон урьд нь өөрийгөө Ленинтэй адилтгаж байсан ба “Ленин төр улс гэж байхгүй болгохыг зорьж байсан. Би ч гэсэн адилхан зорилготой. Би өнөөдрийн тогтолцоог бүхлээр нь нураамаар байна” хэмээн The Daily Beast сонинд ярьж байсныг санахад хангалттай юм.

 

Эх сурвалж: Independent