Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Квебекийн Ислам сүмд халдсан сэжигтэн нь Трампын шүтэн бишрэгч байсан гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Канадын Квебек дэх Исламын сүмд зэвсэгт халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баригдсан Франц-Канадын оюутан Александр Биссоннет нь Дональд Трамп болон Францын хэт барууны үзэлтэй улс төрч Марин Ле Пэний дэмжигч байсан тухай мэдээлжээ.

Сүмд мөргөл үйлдэж байсан зургаан хүний амийг хөнөөсөн гэх Бессоннет уг халдлагыг ганцаараа үйлдсэнд тооцогдож байгаа юм. 27 настай Биссоннетийн Фэйсбүүк хуудсанд тэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын үндсэрхэг үзэлт улс төрч Ле Пэн, Квебекийн салан тусгаарлагч хөдөлгөөн зэргийг дэмждэг нь харагдсан тухай цагдаа нар мэдээлсэн байна.

Ангийнх нь оюутнууд түүнийг зожиг, “номын” хүн байсныг тодорхойлсноос гадна дүрвэгсдийн асуудлаар байнга санал зөрчилддөг байсныг хэлжээ.

Нийгмийн ухааны чиглэлээр Лавал Их сургуульд сурдаг Биссоннетийг түүх, улс төрийн сэдвээр маш их уншдаг, найз нөхөдгүй, ихэр ахаасаа салдаггүй залуу байсныг мөн гэрчилсэн байна.

Квебект гарсан энэхүү халдлагыг Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “террорист үйлдэл” гэж нэрлэсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнд эмгэнэл илэрхийлээд байгаа юм.

Дональд Трампын гаргасан муслимуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох маргаантай шийдвэрийн дараахан ийм хэрэг гарсан нь уг хэргийг онцгой болгож байна. Харин Канадын ерөнхий сайд эсрэгээрээ цагаачид, дүрвэгчдийг улс орондоо урин залж байгаагаа Бямба гарагт мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Independent