Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын хана хэрэмнээс болж Мексик, Израйль улсууд “муудалцлаа”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Бенжамин Нетаньяху

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн Мексикийн хил дагуу хана босгох уриалга дэлхийн өөр хоёр орны дунд дипломат маргаан дэгдээжээ.

Трампын шийдвэр гарсны дараа Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху твиттер хуудсандаа “Ерөнхийлөгч Трампын зөв. Би Израйлийн өмнөд хил дээр хана босгосон. Ингэснээр дүрвэгсдийн хууль бус урсгалыг зогсоосон. Агуу санаа, агуу амжилт!” гэж бичсэн юм.

Зарим хэвлэлүүд Трампын шийдвэрийг дэлхий нийтээр шүүмжилж байхад ганц дэмжсэн орон нь Израйль боллоо хэмээн мэдээлж байв.

Израйль улс Египетийн хил дагуу ган хаалт босгосон нь Африкаас ирэх дүрвэгчдийг хязгаарлах зорилготой байлаа. Дараа нь тэд мөн Палестинаас эзлэн авсан газар дээрээ ган, бетон холимог хана босгож эхэлснийг олон улсад газар нутгийн түрэмгийлэл гэж үзэж байгаа юм.

Гэвч Нетаньяхугийн мэдэгдэл Мексикийн засгийн газар болон тус улс дахь жүүдүүдийн нийгэмлэгийн уурыг хүргэсэн байна. Мексикийн гадаад хэргийн яамын мэдэгдэлд Израйлийн ерөнхий сайдын мэдэгдэлд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Өчигдөр мөн гадаад хэргийн сайд Луйз Видегарай телевизийн сувгаар ярихдаа Нетаньяхугаас тодруулга шаардаж “энэ тохиолдолд уучлал гуйх нь хамгийн зөв” гэсэн байна.

Мексик дэх Жүүдийн Нийгэмлэгийн Төв Зөвлөл зэрэг байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргаж, Нетаньяхугийн мэдэгдлийг хүчтэй шүүмжилжээ. Мөн Мексикийн нэртэй жүүд хүмүүс ч хувийн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Тухайлбал нэрт академич, зохиолч Леон Краузе “Би цагаачийн үр удам, Мексикийн жүүд хүнийхээ хувьд түүний мэдэгдлээс ичиж байна” гэж твиттер хуудсандаа бичжээ. Израйлийн сөрөг хүчнийхэн ч Нетаньяхуг дотоодын асуудлуудаа яая гэж байж, Америк-Мексикийн хэрэгт хошуу дүрлээ гэж үзэж байна.

Мексикийн жүүдүүдийн тоо 50,000 орчим байдаг ба Мехико хотын гурван дүүрэгт хуваагдаж амьдардаг. Латин Америкт нийт хагас сая жүүд оршин суудгийн хамгийн олон нь Аргентин, Бразилд ноогддог юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар Дональд Трамп АНУ-ын элчин сайдын яамыг Тель Авиваас Иерусалем хот руу нүүлгэхээ амласан нь Нетаньяхуг ингэж тал засахад хүргэсэн гэнэ. Ингэх нь Палестиний эзлэгдсэн газар нутгийг Израйлийнх гэдгийг хүлээн зөвшөөрөх чухал алхам болох юм.

 

Эх сурвалж: The Guardian