Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Банк амлалтаа биелүүлэлгүй хүний эрх зөрчжээ

ikon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
https://www.icij.org/project/world-bank/explore-10-years-world-bank-resettlement-data

Хоёр жил тутам болдог Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциумын ( ICIJ) ээлжит хурал 2017 онд болно.

2015 онд болсон хурлын үеэр тэдний танилцуулсан нэг томоохон бүтээл нь Дэлхийн Банкны тухай юм. Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагаас хандив, тусламж, хөнгөлөлттэй зээл зэргийг идэвхтэй хөөцөлдөж байгаа энэ үед  сэтгүүлч Ц.Чимэддондогийн Дэлхийн Банктай холбоотой асуудлаар ICIJ юу сурвалжилсан талаар тэмдэглэлийг дахин хүргэж байна. 


Тив, дэлхийн хүмүүсийн амьдралд үр нөлөө үзүүлсэн үйл явдал эрэн сурвалжилах сэдвийг улам өргөн болгосоор. 

Үүний нэг жишээ нь ICIJ (The International Consortium of Investigative Journalists) -ийн сэтгүүлчдийн томоохон төсөл юм. ICIJ буюу Олон улсын эрэн сурвалжилах сэтгүүлчдийн нийгэмлэгт 65 орны 190 гаруй сэтгүүлч харьяалагдаж бүтээл туурвидаг. Тус байгууллагаас хэрэгжүүсэн төслөө хамгийн сүүлд 2015 онд Олон улсын эрэн сурвалжилах сэтгүүл зүйн сүлжээний хурлын үеэр танилцуулсан билээ.          

Тэдний нэг томоохон бүтээл нь Дэлхийн Банкны тухай юм. Тус банк хөгжиж буй орнуудад 2004-2013 оны хооронд 450 тэрбум долларын санхүүжүүлэлт бүхий 7,200 гаруй төсөл хэрэгжүүлсэн байдаг. Эдгээрийг ICIJ-н сэтгүүлчид эрэн сурвалжилсан. Энэ удаа 51 орны 18 хэвлэл мэдээллийн байгууллагын 50 сэтгүүлч уг төсөлд нэгдсэн юм. Дэлхийн Банкийг яагаад эрэн сурвалжлах болов?

Төслийг удирдсан сэтгүүлч Саша Чавкиний хэлснээр бол Дэлхийн Банкны санхүүжилтийг авахын тулд хөгжиж буй орнуудын Засгийн газар заримдаа ард олныхоо эсрэг албадлагын арга хэмжээ авдаг ажээ. Жишээлбэл, далан, цахилгаан станц барих, зам тавих болон бусад томоохон төслийг хэрэгжүүлэхийн өмнө тэнд амьдарч байгаа оршин суугчдыг хүчээр нүүлгэх, шилжүүлэх хэрэгтэй болдог. Энэ үед Дэлхийн Банкны зүгээс нүүж буй гэр бүлийн амьжиргааг сэргээнэ, тэдний амьдралыг хохироохгүй хэмээн амладаг байна. Харин яг үнэндээ энэ амлалтандаа хүрдэг эсэхэд өмнө нь хэн ч анхаарч байгаагүй гэнэ. 

Уг үйл ажиллагааг эрэн сурвалжилснаар хүчээр нүүлгэн шилжүүлснээс болж 3.4 сая хүн гэр орон, газраараа болон эдийн засгийн хувьд хохирсон болохыг илчилжээ. 

Үүнийг илрүүлэхийн тулд Дэлхийн Банкны 6,300 гаруй баримтыг нягталсан байна. Дэлхийн Банк хүний эрх зөрчсөн, худлаа амлалт өгсөн, нүүлгэж буй хүмүүсийн амьдралыг хамгаалж чадаагүй зэрэг үйлдлийг илрүүлэхийн тулд сэтгүүлчид бүтэн жилийн хугацаанд банкны холбогдох баримтуудыг ухаж төнхөж шинжилсэн юм. Мэдээж Дэлхийн Банкны ажилтнууд эхэндээ хамтран ажиллаж байснаа сүүлдээ дургүйцэж улмаар эсэргүүцсэн. Гэвч сэтгүүлчид шантралгүй олон зуун хүнээс ярилцлага авч, банкны хэдэн мянган баримтыг судалжээ.

Ингэснээр Дэлхийн Банк сүүлийн 10 жилд дэлхийн хамгийн ядуу буурай орны хүмүүсийг хохироож, үүргээ биелүүлээгүйгээр барахгүй дүрэм, журмаа зөрчсөн гэдгийг ICIJ-н сэтгүүлчид илрүүлж, баримтаар баталгаажуулан олон нийтэд хэвлэн гаргажээ.

Ц.Чимэддондог