Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Боож үхлээ" жагсаалын үеэр "Никитон" хамтлаг шинэ уран бүтээлээ толилуулна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Утааны эсрэг "Боож үхлээ" жагсаалд урлагийнхан нэгдэж, дуу хоолойгоо өргөх талаар мэдээлэл хийлээ.

2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэд анх удаа утааны эсрэг жагсаал зохион байгуулж, 4,000-5,000 хүн оролцож байсан.

Харин энэ сарын 28-ны өдөр буюу Бямба гарагт “Боож үхлээ” тайван жагсаалыг дахин зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд урлаг соёлын салбарынхан нэгдэж, дуу хоолойгоо өргөхөөр илэрхийлсээр байна.

Урлагийнхан энэхүү жагсаалд нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан, жагсаалд оролцож, утааны эсрэг арга хэмжээнд зориулан гаргасан шинэ уран бүтээлээ толилуулахаар болжээ.

Б.Батчулуун: Үргэлж дээд удирдлагуудаа буруутгах бус бүх хүн дор бүрнээ хичээх хэрэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун “3-4 жилийн өмнө Улаанбаатар хотын түгжрэл аймшигтай байсан. Энэ үеэр нэгэн уран бүтээл туурвиж эхлээд өчигдөрхөн олны хүртээл болгоход бэлэн боллоо.

Улаанбаатар хотын утаа гамгшгийн хэмжээнд байна. Дэлхийн хэмжээнд нэгдүгээрт орсон.

Үүний хор уршгаар хүүхэд багачууд эндэж байна. Тиймээс залуус бид дуу хоолойгоо нэгтэн уриалга, тайван жагсаал зохион байгуулж байгааг дэмжиж, сэрүүлэг болохуйц уран бүтээл гаргасан байгаа.

Ерөнхийдөө утаа угаар, түгжрээтэй энэ цаг үед үргэлж дээд удирдлагуудаа буруутгах бус хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй гэдэг үүднээс уран бүтээлээ “Чи” гэж нэрлэсэн” хэмээв

Б.Чинбат: Урлагийнхан бид иргэн бүр утааны эсрэг дуу хоолойгоо нэгтэх ёстойг уриалах хэрэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжмийн зохиолч Б.Чинбат “Энэ хөдөлгөөнийг урлагийнхан бид дэмжиж байна. Миний хувьд нэлээд хугацааг гадаадад өнгөрөөж ирээд Улаанбаатар хотдоо таван жил гаруй хугацаанд амьдарч байна.

Ирээд бие махбодоороо утааны хор уршгийг амссан. Өнөөдөр бид ямар аймшигтай газар амьдарч байна вэ гэдгийг Монголын бүх ард түмэн ухаарч ойлгож байгаа байх.

Эхний жагсаалыг зүгээр хараад л өнгөрч байсан. Энэ удаагийн уриалга, жагсаалыг би иргэн хүнийхээ хувьд дэмжиж байгаа.

Монголынхоо ард түмнийг ч мөн нэгдүгээр сарын 28-нд болох тайван жагсаалд идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.

Урлагийн бидний чадах зүйл дуу хоолойгоо нэгтэх ёстойг ойлгуулж, бусдыгаа уриалах юм гэж бодож байна” гэлээ.

Нэгдүгээр сарын 28-ны Бямба гарагт зохион байгуулагдах “Боож үхлээ” жагсаалд “Никитон” хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, "Take off" хамтлаг, "The Lemons" хамтлаг болон бусад уран бүтээлчид оролцох юм.