Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэгдүгээр сарын 28-нд болох “БООЖ ҮХЛЭЭ” жагсаалд идэвхтэй оролцохыг уриалж байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатарын талбайд хийсэн утааны эсрэг жагсаалд 4,000-5,000 хүн оролцсон бөгөөд Байнгын хороонд хүргүүлэх онлайн болон цаасан хэлбэрийн нийт 10,000 орчим өргөдлийн маягт иржээ. Нэгдүгээр сарын 28-ны Бямба гарагийн 12:00 цагт агаарын бохирдлын эсрэг тайван жагсаалыг дахин зохион байгуулах юм.

Ц.Пүрэвхүү: Утааны эсрэг тэмцэх элчээр тодорсон дуучин Д.Болдыг жагсаалд нэгдэж, дуугаа хүргээч гэж хүсье
 
Гэрэл зургийг mpa.mn

Утааны эсрэг ээж аавуудын холбооны зохион байгуулагч Ц.Пүрэвхүү “Өмнөх жагсаалаар бид тодорхой шаардлагуудыг Ерөнхийлөгч, Засгийн газар, Хотын захиргаанд хүргүүлсэн байгаа.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдаж утаа буюу агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэ бол иргэд бидний утааг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсны том үр дүн гэж бодож байна.

Гэхдээ бидний тавьсан шаардлага буюу арванхоёрдугаар сарын 28-ны хурлыг хамгийн их утаатай байгаа бүс буюу Баянхошуунд хийх, агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жил зарцуулсан хөрөнгө, хийсэн ажлынхаа тайланг нэгдүгээр сарын 15-ны дотор нийтэд ил тод тайлагнаач гэсэн шаардлагуудыг биелүүлээгүй.

Мөн 2018 он гэхэд 80 хувь бууруулах шаардлагыг тавьсан боловч үүн дээр ямар ч төлөвлөгөө үзүүлээгүй байна.

Хүүхдийн өвчлөл, амбулаторийн үзлэг, нас баралтын тоон мэдээллийг долоо хоног бүр нийтэд нээлттэй ил тод мэдээлээч гэснийг мөн биелүүлээгүй.

Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүд хэр үйлчилгээ авч чадаж байна, өвчлөлийн дэгдэлт ямар түвшинд байгаа зэргийг тодорхой мэдээлж байвал ажил эрчимтэй явагдах учраас энэ шаардлагыг бид тавьсан.

Үүнээс гадна агаарын бохирдлоос болж өрх айлд учирч байгаа зардлыг тооцох аргачлал боловсруулж, нөхөн олговрыг ирэх жилийн төсөвт оруулах гэсэн шаардлагад шүүмжлэлтэй хандаж байна.

Хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч агаарын бохирдол гамшгийн түвшинд ирчихлээ. Бие сэтгэл, хөрөнгө мөнгөөрөө хохирсон бид хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Энэ бол олон улсад байдаг жишиг.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр хуралдаад агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн хэр нь өнөөдөр сайд дарга нар нь гадаадад явж байна. Гамшиг болчихсон хотоо орхиод гадаад руу явдаг дарга байдаг юм уу?

Иймээс Нэгдүгээр сарын 28-нд утаатай тэмцэх “Боож үхлээ” жагсаалыг зохион байгуулна. Харин жагсаалд дуучин Д.Болдыг утааны эсрэг тэмцэх элчээр тодорсон хүнийхээ хувьд бидэнтэй нэгдэж, дуугаа хүргээч гэж хүсмээр байна” хэмээв.

Б.Бундхорол: Дандаа төр засгаасаа нэхэх биш иргэд бид өөрсдөө идэвхтэй оролцох үүрэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn

Нэгдүгээр сарын 28-нд болох жагсаалын талаар Утааны эсрэг ээж аавуудын холбооны зохион байгуулагч Б.Бундхорол “Ард иргэддээ нэгдүгээр сарын 28-нд болох жагсаалд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Бидний зүгээс утааг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг олон нийтэд ойлгуулж чадсандаа баяртай байна. Нөгөө талаас дандаа төр засгаасаа нэхэх биш иргэд бид өөрсдөө агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүрэгтэй.

Нэгэнт гамшгийн хэмжээнд хүрсэн учраас гадаад орчинд явахдаа маск хэрэглэх, гэрийн дотоод орчинд чадах чинээгээрээ агаар цэвэршүүлэгчийг байршуулахыг уриалж байна.  

Мөн өнөөдөр 0-5 насны гурван хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна гэсэн судалгаа байна.

Сүүлийн таван жил 200 тэрбум төгрөгөөр утаагүй зуухаар агаарын бохирдлыг багасгах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл утаагүй зуух нь уламжлалт зуухаасаа илүү дотоод орчны агаарыг бохирдуулдаг нь судалгаагаар батлагдсан байна.

Бид ямар хөтөлбөр хэрэгжүүлсэн юм бэ? 200 тэрбум төгрөг заран заран, 170,000 зуух хийн хийн ямар хөтөлбөр хэрэгжүүлчихсэн юм бэ?

Энэ байдлыг таслан зогсоож, үр дүнд хүрэхийн тулд бид өөрсдийн дуу хоолойгоо төр засагтаа хүргэхээр жагсаал зохион байгуулж байна” гэлээ. 

Р.Мөнхзул: Агаарын бохирдлыг гамшиг гэж үзэх хууль тогтоомж үгүй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Хууль, эрх зүйн орчны талаар Байгаль орчны хуульч Р.Мөнхзул “Гамшгийн тухай хуулиар утаа хэвийн хэмжээнээс давсан тохиолдолд гамшигт тооцно гэсэн зохицуулалт байхгүй.

Гамшгийг зөвхөн үер ус, гэнэтийн байгалийн гамшиг, газар хөдлөлт, тэдгээрээс учирсан хор хохирол гэдгээр ойлгож байгаа болохоос хуулиндаа утааг гамшгийн хэмжээнд авч үзнэ гэсэн нарийвчилсан зохицуулалт үгүй байна.

Иймээс утаа хэвийн хэмжээнээс давсан энэ нөхцөлд утааг гамшиг гэж үзэх хууль тогтоомжийг оруулах, гамшиг гэж үзсэнээрээ ямар үе шаттайгаар ажиллах ёстойг тодорхой болгох шаардлагатай болж байна” гэв.