Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улстөрчдөд ухаарал “хайрлаж”, нэгтгэсэн утаа

Б.Төгөлдөр
2017 оны 1 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ долоо хоногийн гол үйл явдал “Утаатай тэмцэх” асуудал байлаа. Яг үнэндээ утааны асуудлыг сүүлийн хоёр долоо хоногт л улстөрчид анхаарч тодорхой шийдэл хайн, шийдвэр гаргаж байгаа ч энэ нь хэдэн жилийн өмнөөс гамшгийн хэмжээнд хүрэхээр болсон гэдгийг иргэд болон эрдэмтэд баталсаар байгаа.

Улаанбаатар хот жилдээ 5.9 сая тонн түүхий нүүрс, үүний 10 хувийг гэр хорооллынхон хэрэглэдэг юм байна. Гэвч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч байгаа утаа эзэлдэг. Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг ашигладаг дөнгөж 6 хувийн бохирдол ялгаруулдаг байна.

Юутай ч утааны асуудал улстөрчдийн анхаарлыг татсанаар гэр хорооллын айл, өрхийн цахилгааныг тэглэж, халаагуур төхөөрөмжүүдийг боломжит ханшаар, зээлээр ч болов “шахах”, олон жилийн насжилттай болон буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортод анхаарах, хотын суурьшлын бүс, нүүдлийн ачаалал зэрэгт зохицуулалт хийхээр боллоо.

Гэвч улсын нийслэл нь утаанаас үүдэлтэйгээр гамшгийн хэмжээнд аль хэдийн хүрчихсэн хойно сая л Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нар, нийслэлийн удирдлагууд өргөтгөсөн хуралдаан хийсэн. Энэ хурлаар агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, ҮАБЗ-өөс зөвлөмж гарган, агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах асуудлыг тусгасан.

Тухайлбал, төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр болжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн зааж өгөх зэрэг асуудлыг тусгасан юм. 

Утаанаас үүдэлтэйгээр томуу, томуу төст өвчин газар авч, эхийн урагт сөргөөр нөлөөлөх нь нэмэгдэж, бусад өвчний суурь болж байгааг эрүүл мэндийн салбарынхан бататгаж байгаа. Харин үүнийг бууруулах нь төр, засгийн бодлого, шийдвэртэй нягт улдаа холбоотой ажиллахаас ихээхэн шалтгаална. 

Энэ талаар Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Д.Оюунхорол “Агаарын бохирдлыг бууруулах асуудалд үе үеийн УИХ, Засгийн газар шийдвэр гаргаж, ажиллаж ирсэн. Өмнө нь жилдээ 30-35 тэрбум төгрөг зарцуулж ирсэн байдаг. Манай засгийн үед эдийн засгийн нөхцөл хүнд байна гээд эхний ээлжид таван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан.

Он гарсаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдааны шийдвэрээс гэр хорооллын айлуудын эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн. Энэ нь гэр хорооллын олон айлд боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл агаарын бохирдолтой тэмцэх асуудал гэдэг зөвхөн төр засгийн ажил биш. Иргэн таны, миний, аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоогоор шийдвэрлэгдэх юм. 

Уг нь агаарын бохирдлыг өргөс авсан мэт гэнэтхэн шууд засч залруулах боломжгүй. Харин эрчим хүчний тарифыг тэглэснийг ашиглаад яавал түүхий нүүрс түлэхгүй, шахмал түлш хэрэглэх вэ, сайжруулсан зуух ашиглаж, утаа гаргахгүй байх вэ гэх зэрэгтээ дүгнэлт хийн төр, засгаас гаргаж буй шийдвэрийг ашиглаж, үр дүнг нь хамтдаа харах хэрэгтэй” хэмээсэн. 

Түүнчлэн Хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд утааны гамшгийг бууруулах зорилгоор захирамж гаргасан. Тэрбээр хотод улаан шугам буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй. Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. 

Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглов. Гуравдугаарт, Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч шаардлага тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно хэмээн заалтууд оруулсан.

Энэ нь зарим хүний хувьд улс төржүүлэх сайхан “өгөөш” болов ч утааны шалтгаантай эрс шийдэмгий тэмцэх, магадгүй улстөрчийн хувьд эрсдэлтэй байж мэдэх шийдвэр байсныг иргэд онцолж байгаа юм. 

Улстөрчдөд ухаарал “хайрлаж”, нэгтгэсэн утааны асуудлаас үүдэлтэйгээр эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн нь цахилгаан халаагуур зэрэг төхөөрөмжийн бизнесийг дэмжих оролдлого гэх зэргээр араасаа олон хардлагыг ч төрүүлж байгаа. Гэвч өчигдөр Ерөнхий сайд үгүйсгэсэн юм. 

Тэрбээр өчигдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид зохион бүтээгчидтэй уулзах үеэр “Засгийн газар гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Салбарын яам “Ногоон зээлийн сан” бий болгож, орлого багатай айл өрхүүдэд шөнийн тоолуур, цахилгаан халаагуурыг зээлээр олгох боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн энэ хавар, зун, намартаа цахилгаан эрчим хүчний хангамж, хүчдэлийн уналтыг шийдэх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн. Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утааны эсрэг тэмцэхгүй” хэмээсэн.

Зураг