Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Кока кола, пепси кола хоёрын алийг ч сонгосон бид кола л ууж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир / mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хэлэлцүүлгийг УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулсан бөгөөд бусад намын төлөөллүүдийг урьсан байна. 

Өнөөдөр Монгол Улсад албан ёсоор бүртгэлтэй 24 улс төрийн нам бий. Тэднээс гурав нь л УИХ-д суудалтайгаас өнөөдрийн хэлэлцсэн хуулийн төслөөр зөвхөн хоёрхон нам л Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болоод байна. Уг хуулийн төсөлд УИХ-д суудалгүй намууд хүнээ дэвшүүлсэн намыг дэмжиж ажиллаж болно гэсэн заалт байсныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэрээ хассан байна. 

Тиймээс УИХ-д суудалгүй намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, дэмжиж болохгүй хараад сууж байхаас өөр оролцоогүй болжээ
Хэлэлцүүлэгт АН-ын бүлгийн гишүүд болон тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарын хүмүүс оролцсон бол МАНХ, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын үндэсний ардчилсан нам зэрэг цөөн хэдэн намын төлөөлөл ирсэн байв. 

 

“Эрх барьж буй намынхан хүч түрж энэ хуулийн батлах гэж байгаа учир та бүхэнтэй зөвлөлдөж, санал бодлыг тань сонсох гэсэн юм. Энд та бүхний хэлсэн санал бүлгийн хуралдаан, Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр яригдах болно” хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд хуралдааны эхэнд онцолсон.

Ингээд хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудын төлөөллийн хэлсэн үгийг хүргэж байна. 

О.Баасанхүү: Эрээ цээргүй, нэг талыг бариад байгааг нь эсэргүүцэж байна

 

/УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн/ Яагаад гэвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн бариад ажлын өдөр эхэлмэгц хэлэлцээд, түрэмгийлсэн байдалтай явж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын уугуул иргэн байна гэж Үндсэн хуульд заасан. Ардын намаас манай МАХН дээр дэвших бололцоо бүхий хүмүүс гарлаа гэхэд манай дүрмийн дагуу хасагдаагүй гэдэг шалтгаанаар хаалт хийх гэж оролдох гэж байгаа юм. 

Ямар ч төрийн албан хаагч нэр дэвших аргагүй болоод байна. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэсэн заалт бий. Байнга оршин сууна гэдэг нь Монгол Улсад зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар оршин сууж байгааг хэлнэ гэж бид ойгодог.

Эднийхээр бол гадаад улсад зургаан сар амьдраагүй байх ёстой гэсэн ойлголт гараад байна. Үндсэн хуулиар тухайн хүнийг гадаад улсад эмчилгээ, сургалт, жуулчлалын журмаар явахыг зөвшөөрчихсөн. Тэгээд ч хуулинд Монгол Улсад зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар орших суусан иргэнийг байнгын оршин суугч гэнэ гээд заачихсан. Тиймээс энэ заалт хэнд зориулсан нь ойлгомжтой байгаа юм. Иймэрхүү эрээ цээргүй, нэг талыг бариад байгааг нь бид эсэргүүцэж байгаа юм. 

Г.Уянга: Офшор дансгүй байх гэсэн шалгуур оруулж болохгүй гэж үү  

 

/Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга/ АН-ынхан маань хүч хэрэглүүлэхийн зовлонг ойлгож байгаа нь сайн хэрэг. Янз бүрийн хоригоос шалтгаалаад хоёр намаас л нэр дэвших юм байна. Энэ хоёр нам гишүүдийнхээ тоог хамгийн ихээр 160-180 мянга гэдэг. Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль нийт сонгогчдын төлөөллийг хангасан байх ёстой. Үүгээрээ өмнөх жилүүдийнхээс их ялгаатай байгаа. 

Н.Энхбаяр гэдэг хүнээс их айж байгаа юм байна. Сүүлийн зургаан сар эх орондоо байсан гэсэн шалгуурын оронд офшор дансгүй байх гэсэн шалгуур оруулж болохгүй гэж үү. 

Энэ Ерөнхийлөгчийн сонгуулийн утга учрыг юу гэж харж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд хоёр намаас л Ерөнхийлөгчөө ээлжилж сонгож ирсэн. Кока кола, пепси кола хоёрын алийг ч сонгосон бид кола л сонгож байгаатай адил. Одоо бол намуудын биш бүлэглэлийн эрх ашгийг тодорхойлох сонгууль болж ирж байна. 

Ш.Төмөрсүх: Ардчилсан нам гудамжинд гарахаараа хадаг бариад парламентын гаднах намуудыг гуйгаад эхэлдэг 

 

/Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга/ Нэг цикл л давтагдаад байна. Ардын нам гудамжинд гарахаараа хадаг бариад парламентын гаднах намуудыг гуйгаад эхэлдэг. Ардчилсан нам ч адилхан гуйгаад эхэлдэг. Энийгээ эхлээд халмаар байна. Түрүүчийн дөрвөн жилд Л.Эрхэмбаяр дарга та орж ирж уулздаггүй байсан шүү дээ. 

Парламентын гаднах намуудын дуу хоолойг сонсъё гэвэл одоо гарах гэж байгаа хуульдаа дуу хоолойг нь оруулж өгмөөр байна. Өнгөрсөн дөрвөн жилд Улс төрийн намын тухай хуулиа гаргасан бол өнөөдөр ингэж суухгүй байх байсан. 

О.Бум-Ялагч: Та нар дүнгээ тавиулсан. Тийм болохоор иймэрхүү арга хэмжээ битгий зохион байгуул

/Монголын ногоон намын дарга/ АН бол ард түмнээр дүнгээ тавиулсан. Тийм учраас та бүхэн эргэж буцаад суугаад байж болохгүй. АН-ын даргын сонгуульд 250 сая төгрөг өгч байна. Та нар баячуудын нам шүү дээ. Та нар нэр хүндээ алдчилсан болохоор дараагийн алхамаа бод. Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсдэг юм уу эсвэл Монголын үндэсний ардчилсан намд элсдэг юм уу. Ямар нэгэн байдлаар шинэ зохион байгуулалтад ор. 

Танай нам улс төрийн хүчний хувьд Монголын ард түмнийг төлөөлж чадахгүй. Тийм болохоор иймэрхүү арга хэмжээ зохион байгуулахаа боль. Өөрсдийгөө шинэчлэх юм руу ор. Та нарын дүн тавигдсан. Одоо болоо. Ардын нам юугаа хийнэ хараад сууж байхаас өөр аргагүй. Харин эсэргүүцэх юм бол С.Жавхлан мэтийн улсууд хүн босгож хувьсгал хийж магадгүй. Тийм учраас та нар С.Жавхлан, ТТЭНН зэрэг зогтой золбоотой улсуудыг дэмжих хэрэгтэй. 

Улаанбаатарт нэг доллараар нэг хүнийг Сүхбаатарын талбайд авчрах боломжтой гэсэн судалгаа бий. 10 мянган доллар гаргаад Сүхбаатарын талбайг 10 мянган хүнтэй өнжүүл л дээ. Та нарт тийм хүсэл алга.