Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Хал нь гаднаа хайр нь дотроо” сунгаа болж байна

Ардчилсан Нам
2017 оны 1 сарын 11
Ардчилсан Нам
Зураг зураг

АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа “таван хуруу” багийнхан шөнө дөлөөр Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ирэв. Алтай хотын цасанд дарагдсан гэгээтэй саруулхан гудамжаар алхахад хүйтэн жавар чихний омог хайрна. Хаана ч очсон АН-ын үүрийн гишүүд ёс төртэй тосч авч хүндэтгэл үзүүлэх нь бахархмаар. Аргагүй л нэг “гэр бүлийн” аль эсвэл хувийн компанийн нам биш гэдэг нь алхам тутамд мэдрэгдэж байна. Олны хүч оломгүй далай гэдэг үнэн үг аж. 

Нэгдүгээр сарын наймны өглөө “Алтай” чуулгын байранд намын гишүүдтэй хийх уулзалт даруухан эхэллээ. Говь-Алтай аймгийн АН-ын дэд дарга А.Дэлгэржаргал уулзалтыг нээж халуун дулаан сайхан үг хэлэв. Намын дарга Амгаланбаатар нь Америкийн нэгдсэн улсад суралцаж эрдэм номд шамдаж байгаа гэнэ.

 

Энэ удаагийн уулзалтыг дарааллын дагуу мөн л сугалаагаар шийдэж АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “салхийг хагалан” мөрийн 11 зүйл бүхий хөтөлбөрөө танилцуулав.

Амь нас, эрүүл мэндээ золин Ардчилалын үнэт зүйлийн төлөө зүтгэсэн олон нөхдөө дурсах ёстой. Анхны партизануудын дундаж нас 50-60 болчихлоо. Эхнээсээ бурханы оронд одож байгаа гэж нэр дэвшигч үгээ эхэлсэн юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ:

- Намаа надаас илүү мэддэг хүмүүс энд сууж байгаа учраас чанга хашхирч ярихгүй. Би ч гэсэн та нарын нэг адил засагт ханы хөх харчуулын нэг. Намын шинэчлэл анхан шатны үүрүүдээс эхлэх ёстой. Хэрэв би дарга болбол намын санхүүжилтыг шилэн болгоно гэдгээ уулзалт бүр дээр хэлж байгаа. Анхан шатны намын үүрүүд төвөөсөө  санхүүждэг болно. Ингэснээр хэн нэгнээс хараат бус болох юм.

Анхан шатнаасаа ерөнхийлөгчид дэвших хүнийг хүртэл сунгаагаар гаргаж ирнэ. Намын олон нөхөд минь сүүлийн үед нэр дэвшигчдийн хооронд яс хаясан гүтгэлэг эрчимжиж байна. Үүнд МАН-аас хүртэл гүтгэлэг тарааж бохир ПИАР хийж байгаа мэдээллүүд ирж байгаа. Үүнд битгий автаж болохгүй шүү гэсэн юм.

Харин АН-ын даргад нэр дэвшигч Лу. Гантөмөр:

-  Ардчилсан намыг алсын хараатай нам болгоно. Хожим түүхийн хуудаснаас ардчилал эхэлсэн энэ 26 жилийн тусгаар тогтнолын эхлэл алтан үе гэж нэрлэх байх. Гэхдээ энэ 26 жилийн турш манай намын гишүүдийг зүйл бүрээр гүтгэн доромжилсоор “бүтэн нэртэй, бүлээн зүстэй” манлайлагч олдохоо болилоо. 2020 он хүртэл энэ гурван жилийг намынхаа гишүүн бүрийг сургаж боловсруулж хөгжүүлэх хэрэгтэй байна.

Монгол Улсыг улс төрчид тэжээдэггүй юм. Харин улс төрч энэ хүмүүстээ боломжийг нь олгож, чиглүүлэхэд л болно. Олон дарамт шахалт энэ тэрийг болих хэрэгтэй.  Хэрэв би намын дарга болбол  сум болгоноор явж хөгжлийн нам болгоно гэж хэлж байв.

Намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг:

- Хаврын сонгуулиас хойш манай намынхан нурмайсан царайтай байна. одоо хэдүүлээ ингэж нурмайж суухгүй шүү. Бид хамтдаа тавын таван ялалт байгуулж байсан шүү дээ. Одоо бүгд  тэр энэ байгууллагын дарга асан гэдэг нэртэй болсон ч гандан буурахгүй. Энэ Алтай чуулгын даргыг сольчихсон байна. Шинэчлэлийн засгийн газар их юм хийсэн. Орон нутгийн хөгжлийн сан байгуулсан, сум 330 хөтөлбөрийн хэрэгжүүлсэн, өнгөрсөн 4 жилийн хугацаанд Говь-Алтайчууд их юм хийсэн.

Наад зах нь аймгийн төвийн усны асуудлыг шийдсэн. 76 тэрбумаар усны хоолой татна гэж байсан үлгэрийг жаргаасан. Ингэж ажил эхлүүлээд явж байхад МАН-ынхан бүгдийг нь зогсоосон.Идсэн, уусан уу гээд ухаж төнхөөд явж байна. Идэж уугаагүй ажил хийсэн нь үнэн юм чинь юу ч олж долоохгүй. МАН-ынхан манай намын сонгуульд их санаа зовж байна. Энэ их муу. Н.Алтанхуягийг ахин даргаар сонговол аймшигтай юм болно гэж байна гэв. 

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

- Өнгөрсөн орон нутгийн сонгуульд АН 106 суманд ялалт байгуулсан. Үндэсний хэмжээний нам хэвээрээ байгааг харуулж чадсан. Өнөөдөр УИХ-д 65:9 харьцаатай байгаа ч манай намаас сонгогдсон есөн гишүүн хэлье гэсэн үгээ хэлж чадаж байгаа. Бид нар намуудын тухай хуулийг өөрчлөнө. Намын татвараар орон нутгийн үүрүүдийг санхүүжүүлдэг  болгоно. Бүх гишүүдээсээ анхан шатны намын дарга УИХ-ын гишүүд, намын даргаа сонгодог болгож намаа жинхэнэ сонгуулийн нам болгоно.

Манай намын хийсэн ажлуудыг харлуулах ажил идэвхитэй явж байна. Жишээлбэл: Чингис бонд бол Олон улсын зах зээлээс монголчуудын бие дааж босгосон анхны зээл. Энэ зээл бол Оросоос авсан зээл биш, Хятадаас авсан зээл биш, Японоос авсан зээл биш, Америкаас авсан зээл биш. Олон улсын зээл. Нэг улсын хараанд оруулах зээл биш. Эргэн төлөгдөх чадамжтай зээл юм гэж хэлж байлаа. 

Харин АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батзандан

- Эрүүл ардчилал гэдэг нэртэй мөрийн хөтөлбөртэй энэ сонгуульд миний бие оролцож байгаа. Хэрэв би намын дарга болбол ёс зүй эв нэгдлийн хороо байгуулна. Манай намын жилийн төсөв гурваас дөрвөн тэрбум төгрөг юм билээ. Энэ мөнгөний 70 хувийг анхан шатны үүр рүү оруулна. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг намаас тодорхой хугацаагаар зайлуулна. Ардчилалыг дэмжих сан байгуулна. Ерөнхийлөгчийн сонгуульд Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл гээд ах нарын аль нэгийг дэвшүүлээд аймаг сум болгоноор аваад явахад Батзандан нь гаргаад ирнэ гэж хэлээд мөрийн хөтөлбөрөө гишүүддээ нэг бүрчлэн танилцуулж байв.

Говь-Алтай аймагт намын гишүүдтэйгээ хийсэн уулзалт таван цаг шахуу үргэлжилж дуусмагц нэр дэвшигчид хөлгийн жолоог Завхан аймгийн зүг заллаа. Шөнөжин давхисаар Ганцын давааны халтиргаа гулгааг ажиралгүй давж Улиастай хотноо хүрч ирэв. Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт нэр дэвшигчдийн намын гишүүдтэйгээ хийх ээлжит уулзалт эхэллээ.

 

Уулзалтыг нээж Завхан аймгийн ИТХ-ын дарга С.Балхярваа:

- Манай аймаг бол 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам бодитоор ялсан цорын ганц аймаг юм. Аймгийн 24 сумаас 23 суманд Ардчилсан нам ялсан. Мөн АН-аас нэр дэвшсэн хоёр их хурлын гишүүн бас ялсан. Бид эв нэгдэлтэй байж ялалт байгуулсан. Таван нэр дэвшигч маань маш сайхан эв нэгдэлтэй мөрийн хөтөлбөрөө танилцуулж явааг харахад намын гишүүд бид баяртай байна гэсэн юм.

Уулзалтыг нэр дэвшигч Лу.Гантөмөр эхлүүлэв. Тэрбээр хэлэхдээ:

- Завхан нутгийн хөвгүүд нь морин хуурч, охидууд нь шатар тоглодог. Мундаг авъяастнудын өлгийд “эрс шинэчлэл, эргэн сэргэлт” нэртэй мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Хэрэв би дарга болбол Ардчилсан намыг бодлогын нам болгоно. Цаашлаад Ерөнхий сайд болбол Монгол улсаа уул уурхайгүй улс болгоно. Монголчууд оюун ухаанаа ухаж амьдрах цаг болсон гэв.  

Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг: Ялсан нутагт ирээд ялагдлын тухай яримааргүй байна. Баяр хүргье гэж хэлээд даруухан гэгч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулна билээ.  

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Завханаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишшүн Я.Санжмятав намын даргад нэрээ дэвшүүлсэн бол би нэрээ дэвшүүлэхгүй байсан юм. Танай аймаг ийм л мундаг УИХ-ын гишүүнтэй шүү гэхэд уулзалтанд оролцогчид нэжигнэтэл алга ташив.

Мөрийн хөтөлбөрөө танилцуулсан таван нэр дэвшигчид уулзалтын төгсгөлд Завхан аймгийн АН-ын гишүүд Таван морин хуур бэлэглэв. Ийнхүү нэр дэвшигчид Морин хууртай нэр дэвшигчид болоод Архангай аймгийг зорив.   

 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.