Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Органик" гэсэн шошготой бүтээгдэхүүнийг ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД нийлүүлнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
 

Монгол Улсын Засгийн Газраас 2015 оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн "Органик хүнсний тухай” хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Тус хуулийн зохицуулалт 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ талаар Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Тунгалагаас дараах зүйлийг тодрууллаа.


- Органик хүнсний тухай хуулиар ямар үйл ажиллагааг зохицуулж байна?

- Энэ хуулийн хэрэгжилтээр олон харилцааг зохицуулж байгаа. Гол зохицуулах харилцаа нь зарагдаж байгаа органик гэсэн хаяг шошготой бүтээгдэхүүнүүдийг хянах юм.

Өөрөөр хэлбэл 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн баталгаатай органик хүнсний бүтээгдэхүүнүүд зах зээлд нийлүүлэгдэхээр болоод байна.

Тэгэхээр баталгаажсан органик хүнсийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх асуудлыг зохицуулна гэсэн үг.

Энэ хуулийн ололттой тал нь олон улсад мөрдөгдөж байгаа жишгийн дагуу заалттай.

Үүнээс улбаалан манай улсад үйлдвэрлэсэн, баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан, органик гэсэн шошго тэмдэгтэй бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм.

- Ямар ач холбогдолтой юм бол?

- Гол ач холбогдол бол ердөө хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах юм. Тухайн органик бүтээгдэхүүнд ашиглах бүх нэмэлт бодисын жагсаалт, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах байгалийн бодис, писдицитийг бүгдийг нь заасан байгаа.

Үүнээс илүү зүйл хэрэглэх юм бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын мал, газар тариалангийн бүтээгэдхүүн, хүсний боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн органик биш гэсэн үг.

Ингэснээр мөн байгал орчинд сөрөг нөлөөгүй, тухайн бүтээгдэхүүн байгалийн шинж чанарыг хамгийн их хадгалсан технологийн шийдлийг гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр хүний биед илүү нийцтэй, сөрөг нөлөө багатай байх юм.

Хоёрдугаарт, органик хүнсний аюулгүй байдлын шаардлага буюу хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зохицуулалтын шаардлагаас дахин нэг шат ахисан.

- Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ямар зохицуулалттай байсан бэ?

- Урд нь баталгаатай бус бүтээгдэхүүнүүдийг органик гэсэн хаяг шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлж байсан. Ерөнхийдөө үүнд ямар ч зохицуулалтгүй байсан.

Харин одоо хууль хэрэгжиж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгж, байгууллагууд бүтээгдэхүүнийхээ шошгон дээр “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн органик гаралтайг тодорхойлох хаяг шошго, тэмдэглэгээг хэрэглэхээр болвол заавал хуулийн дагуу, хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой болж байгаа юм.

Шаардлага хангасан эсэхийг баталгаажуулах тусгай байгууллага ажиллана.

 
Гэрэл зургийг mpa.mn

- Шаардлага хангасан эсэхийг баталгаажуулах байгууллагын тухайд?

- Гурван төрлийн баталгаажуулалтын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар хуульд зохицуулсан байгаа.

Энэ нь олон улсад итгэмжлэгдсэн гадаадын баталгаажуулалтын байгууллага, Монгол Улсад итгэмжлэгдсэн Монгол Улсын баталгаажуулалтын байгууллага, оролцооны баталгаажуулалтын байгууллага ажиллаж, бүх үйлдэвлэлд оролцож байгаа этгээдүүд хамтран бүтээгдэхүүнийхээ органик зарчим шаардлагуудыг тодорхойлж, дүрэм журмаа зохион байгуулж, яаманд бүртгүүлээд, итгэмжлэлээ авах маягаар ажиллана.

Тэгэхээр энэ гурван байгууллагаар баталгаажсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч яаманд хүсэлтээ ирүүлээд, үүний дагуу бид органик гэх шошго тэмдэглэгээг ашиглах эрхийг нь олгоно гэсэн үг.

Одоо зах зээлд нийлүүлэгдэж байгаа хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас бүгдийг нь татах авах ажиллагаа хийгдэнэ.

- Олон улсад органик хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэрхэн зохицуулдаг вэ?

- Олон улсын хэмжээнд энэ хуулиар удаан хугацааны турш зохицуулсаар ирсэн. Дэлхийн 90 орчим улсад энэ хуулийн зохицуулалт байдаг.

Манай Монгол Улс ерөнхийдөө сүүл барьж байгаа ч хуулиа гаргачихлаа. Одоо дагалдах дүрэм журмууд гарах болно. Тухайлбал, органик сүүг хэрхэн үйлдвэрлэх ёстой юм зэрэг дүрэм журам, зохицуулалтууд гарах юм.

Монгол Улс бэлчээрийн мал аж ахуй олон зуун жилийн турш эрхэлж ирсэн уламжлалтай боловч хуулийн зохицуулалтын тал дээр ажил хэрэгжүүлж байсан туршлага байхгүй учраас гадны байгууллагын туслалцааг авч байна.

Бидний бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсан зарчим органикт шилжихэд тодорхой хугацаа шаардагдах юм.  


Органик хүнсний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуй, хүнсний салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн хийг багасгах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой юм.

Органик үйлдвэрлэлд хуулиар хориглох зүйл
  • Хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр бодис;
  • Хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн;
  • Эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, үр төл;
  • Айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, цэвэрлэх байгууламжийн лаг;
  • Цацрагийн боловсруулалт хийх;
  • Өсөлтийн даавар хэрэглэх.
Органик хүнсний тухай хуулиар зохицуулж буй үндсэн харилцаа
  • Хяналтын байгууллагад бүртгэлтэй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон малчин, тариаланчид органик үйлдвэрлэлд шилжих нь сайн дурын хэрэг байхаар;
  • Органик үйлдвэрлэлийг эрхлэхдээ а) Монгол Улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, б) Монгол Улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, в) үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтын аль нэгэнд хүсэлтээ гаргаж, үнэлгээ хийлгэн, шилжилтийн үеийн хугацааг тогтоолгоод гэрээ байгуулахаар;
  • Баталгаажуулалтын байгууллагаас гэрээг дүгнэн, үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа нь батлагдсан хууль, журам, стандартад нийцсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг нь баталгаажуулан, “органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, монгол болон гадаад хэлээр бичигдсэн “органик”, “байгалийн цэвэр” “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үг хэрэглэх эрх нь нээгдэхээр;
  • Баталгаажуулалтын зардлыг үйлдвэрлэгч өөрөө хариуцахаар;
  • Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог Монгол улсад органикт тооцохоор;
  • Органик үйлдвэрлэл эрхлэх болон хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам, хэрэглэх бодисын жагсаалт, органик хүнсний орц найрлагыг тооцох аргачлал, хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага, баталгаажуулалт хийх журам, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар;
  • Органик үйлдвэрлэлийн зарчим, үйлдвэрлэл эрхлэхэд тавигдах шаардлага, үйлдвэр эрхлэгчийн эрх үүрэг, баталгаажуулалтын байгууллагын эрх үүргийг зөрчиж, хуулиар хориглосон зүйл ашигласан бол хариуцлага хүлээлгэхээр тус тус зохицуулсан.