Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн, цаашид ч баримтлах болно"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад Харилцааны Яамнаас өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд тус яамны найман газрын дарга нар оролцсон юм. Сэтгүүлчид цаг үеийн асуудлаар асууж, тэд ингэж хариуллаа.

Н.Анхбаяр: Далай ламд виз олгосон ажилтны асуудал Төрийн нууцын зохих зэрэглэлтэй учраас мэдээлэл өгөх боломжгүй
 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр Энэтхэгээс хүссэн 1 тэрбум ам.долларын зээл, Далай ламд виз олгосон консулын ажилтныг ажлаас нь халсан эсэх асуудлаар дараах хариултыг өглөө.

Энэтхэгийн зээлийн асуудлаар: Манай хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд тэр дундаа Элчид сайн, Ерөнхий консул, консулууд төвөөсөө зөвшөөрөл авч байж суугаа орныхоо хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгдөг. Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамтай холбоотой мэдээллээр хэвлэлд өгсөн ярилцлагыг тодруулах үүрэг даалгаврыг Элчин сайдад нь өгчихсөн байгаа. Удахгүй хариу ирнэ.

2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын зээлийн шугам нээснийг мэдэгдсэн. Энэ дагуу манай Гадаад Харилцааны Сайдын 2016 оны дөрөвдүгээр сард хийсэн айлчлалаар гарын үсэг зурчихсан. Олон улсын гэрээ учраас олон улсын гэрээний дагуу хоёр тал хэрэгжүүлээд явах ажил байгаа юм.

Далай ламд виз олгосон ажилтныг ажлаас нь халсан эсэх талаар: Энэ талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа. Яг энэ асуудал нь өөрөө Төрийн нууцын зохих зэрэглэлтэй холбоотой учраас ямар нэгэн хариу, тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна. Та бүхэн зөвөөр ойлгоно биз.

Л.Мөнхтүшиг: Америкд ажиллах хүч хүлээн авах хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлыг бид тавьсан
 
Гэрэл зургийг MPA.mn

Дуучин С.Амармандахын биед ОХУ-ын дипломат ажилтан халдсан болон, зарим орнуудын визний асуудлаар Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдэд хариулт өглөө.

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын асуудлаар: “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас манай ГХЯ-нд хандаад ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан дипломат эрх ямба эдэлдэг үү гэсэн лавлагаа авахыг хүссэн. Лавлагааг бид цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байгаа. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас бид нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдээлэл өглөө.

АНУ-ын визний асуудлаар: “Монгол, АНУ-ын гадаад харилцааны яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ уулзалтаар АНУ-ын H2 ангиллын виз буюу Америкд ажиллах хүч хүлээн авах хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлыг бидний зүгээс АНУ-ын талд тавьсан. АНУ-ын тал 2018 оноос эхлээд Монгол Улсыг энэ хөтөлбөртөө оруулах асуудлыг судалж үзэхээ илэрхийлсэн байгаа. Мөн иргэд харилцан зорчих хүрээнд ирээдүйд АНУ-ын визнээс Монгол Улсын иргэдийг чөлөөлөх асуудлыг урт хугацаандаа шийдвэрлэх саналыг тавьж, бэлтгэл ажлуудаа хийхээр тохиролцсон байгаа” хэмээн мэдэгдэв.  

Бас нэг асуудал нь Улаанбаатарт байгаа АНУ-ын ЭСЯ-нд манай иргэд виз мэдүүлэхдээ хоёр цаг хүртэл хүлээх чирэгдэлтэй байгааг харж үзэж, консулын ажилтнуудынхаа орон тоог нэмэхийг нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлсэн.

БНСУ-ын визний асуудлаар: “Өнгөрсөн долоо хоногт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Суныг хүлээн авч уулзаж, хоёр орны иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчилж, цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд  ярилцсан.

Эхний ээлжинд жилд 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг ААН-ийн удирдах албан тушаалтнууд болон ажилтнуудад олон удаагийн виз олгож байхыг хүссэн ноот бичиг гардуулсан. Энэ уулзалтын үеэр хүссэн бас нэг чухал асуудал нь Монгол Улсын иргэд хамгийн олноор оршин сууж буй БНСУ-тай консулын харилцаагаа өргөжүүлэх, тэнд байгаа оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглалаар Консулын зөвлөлдөх уулзалтаа үргэлжлүүлэн зохион байгуулах тохиролцоонд хүрсэн” гэв.

Г.Байгалмаа: Бид БНХАУ-тай цаашид урт хугацаанд, тогтвортой харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байдаг
 
Гэрэл зургийг MPA.mn

Хятадын "Жэньминь жибао" сонины сэтгүүлч өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр "Далай лам Монголд айлчилснаас болж Хятад, Монголын харилцаанд сэв суусан. Энэ үед хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд оржээ. Энэхүү сөрөг нөлөөг арилгахын тулд Монголын талаас ямар арга хэмжээ авсан бэ?" хэмээн асуулаа.

Энэ асуултад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Г.Байгалмаа "БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг та бүхэн мэдэж байгаа. Манай Монгол Улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн, цаашид ч баримтлах болно. Энэ байр сууриа өндөр дээд түвшинд болон хоёр талаас хамтран гаргасан улс төрийн бүх баримт бичгүүдэд тусгасан байдаг. Үүнийгээ ч цаашид байнга нотолж байх болно.

Далай ламын айлчлалаас үүдээд зарим асуудлууд зогсонги байдалд орсон байгаа. Манайд Гадаад Харилцааны сайд өмнө нь та бүхэнд энэ тухай танилцуулж байсан.

Бид БНХАУ-тай цаашид урт хугацаанд, тогтвортой харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байдаг. Энэ үүсээд байгаа таагүй байдлыг аль болох сэргээхээр ажиллаж байна. Энэ байр сууриа удаа дараа Хятадын талд илэрхийлж байсан.

Сүүлийн үед бид Хятадын талтай албан болон албан бусаар уулзаж, таагүй байдлыг арилгахын төлөө ажиллаж байна. Үр дүн гарсны дараа та бүхэнд мэдээллэх болно" гэв.