Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол тэргүүлэх эдийн засагч Да.Ганболдыг 2016 оны бизнесийн манлайлагчаар тодрууллаа

ikon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, Монгол улсын тэргүүлэх эдийн засагчдын нэг Да.Ганболдыг “2016 оны Бизнесийн Манлайлагч”-аар тодрууллаа.

Энэхүү нэр хүндтэй шагналыг 2016 оны 12-р сарын 10-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болсон АмЧамын Таван Жилийн Ойн Хүндэтгэлийн Гала арга хэмжээний үеэр гардуулсан бөгөөд энэ шагнал нь ажлын байр бий болгох, чөлөөт эдийн засгийг дэмжих болон хувийн хэвшлийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан манлайлагч бизнесмэнд жил болгон уламжлал болгон олгодог шагнал юм.  

 

Арга хэмжээнд АмЧамын гишүүд болон хүндэт зочид болох  Ази, Номхон Далайн АмЧамуудын Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Жаксон Кокс, Монгол улсад АНУ-аас суух Элчин Сайдын үүргийг түр хамаарагч Манни Микаллер, УИХ-ын гишүүн А.Ундраа, Монгол улсад суух Канад улсын Элчин Сайд Эд Жагер, ИБУИНВУ-ын Хатан хааны элчин сайд Катерин Арнолд болон АмЧамын хүндэт гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн нарын нийт 300 гаруй зочид оролцсон юм.

АмЧам Монголын ТУЗ-ийнн дарга Жэймс Лиотта шагналыг гардуулж өгөхдөө хэлсэн үгэндээ “АмЧамын ТУЗ-ийн гишүүд энэхүү шагналыг ноён Да.Ганболдод гардуулж өгч байгаадаа баяртай байна. 1990 оноос хойш төрийн болоод хувийн хэвшилд ажиллаж байхдаа хувийн хэвшлийн хөгжил дэвшилд Таны оруулсан хувь нэмэр үлэмж их билээ.  Үүнээс онцлон хэлэхэд таны Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх гэрээнд гарын үсэг зурахад  оруулсан хувь нэмэрт гүнээ талархаж байна” гэсэн юм

Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, Монгол улсын тэргүүлэх эдийн засагчдын нэг Да.Ганболд шагнал гардан авахдаа хэлсэн үгэндээ 

"Монгол улсын цаашдын хөгжил дэвшилд хувийн хэвшил хамгийн чухал үүрэгтэй байх болно.
Хувийн хэвшил хөгжиж байж л улс орон цэцэглэн хөгжинө. Төр болон хувийн хэвшилд ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлууд болон миний хамтран ажиллагсдын хичээл зүтгэлийг үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг өгсөнд гүнээ талархаж байна" гэсэн юм.”

АмЧамын Таван Жилийн Ойн Хүндэтгэлийн Гала арга хэмжээ нь  ивээн тэтгэгч байгууллагууд болох Монголын анхны 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үүрэн телефоны компани Жи-Мобайл, премьер ивээн тэтгэгч Монполимет, болон корпорэйт ивээн тэтгэгчид болох ЖиТис Адвокатс, МахониЛиотта, М-Эс-М групп, Петро Матад групп, Шангри-Ла Улаанбаатар зочид буудал болон Трансвест Монгол компаниудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.