Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Японы буцалтгүй тусламжаар 2 дотуур байр, 1 цэцэрлэгийг засварлахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх 3 төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурснаар:

1.Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл,

 

2.Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрны засварын төсөл,

 

3.Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн засварын төсөл хэрэгжих боломжтой болж байна.

 

Буцалтгүй тусламжийн төслүүдийн нийт дүн 206,498 ам.доллар буюу 453,595,842 төгрөг.

Эдгээр төслүүдийг оруулаад 2016 оны Японы санхүүгийн жилд (2016.04.01-2017.03.31)-д “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн тоо 18,  нийт дүн 1,383,902 ам.доллар буюу 2,755,983,512 төгрөг болж байгаа аж. 

“Өвсний үндэс” хөтөлбөр нь Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 332 сумын 208 суманд хэрэгжээд байна. 

 

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат оролцлоо.


Хөтөлбөрийн тухай товч

Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

 

Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

 

Эх сурвалж: Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам