Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эерэг мэдээллийн сан иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж олгоно

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Зээлийн мэдээллийн сан гэж юу болох талаар дийлэнхи иргэд тухайлбал аль нэг банкнаас зээл авсан, зээл авдаг хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой байдаг.

Ерөнхийдөө таны авсан зээлийн талаар нэгдсэн мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд хадгалагддаг. Банкууд зээл олгохдоо та өөр аливаа банкнаас зээлтэй эсэх, өмнө авч байсан зээлээ хэрхэн төлж барагдуулсныг мэдээллийн сангаас нягталж лавлагаа авах ба энэ мэдээлэлд үндэслэж таньд зээл олгох эсэхээ шийдвэрлэдэг. 

Гэхдээ өнөөдрийн байдлаар зөвхөн энэ мэдээлэлд тулгуурлаад зээл олгох нь өндөр эрсдэлтэй буюу банкуудын хувьд тухайн мэдээлэл нь шийдвэр гаргахад хангалттай биш байдаг. Түүнчлэн та өмнө нь аль нэг санхүүгийн байгууллагаас зээл авч байгаагүй бол таныг хэр хариуцлагатай хүн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно. Дийлэнхи тохиолдолд авсан зээлээ найдвартай эргүүлэн төлж барагдуулах нь тодорхой бус учраас заавал хөрөнгө барьцаалах эсвэл тодорхой орлогоо нотлох шаардлагатай болдог.

Тэгвэл хөгжингүй зах зээлүүдийн хувьд зээлийн мэдээллийн сан нь бусад нэмэлт мэдээллийг нэгтгэж credit scoring буюу зээлдэгчийн онооны үйлчилгээг нэвтрүүлснээр бага дүнтэй зээл, зээлийн карт гаргах ажлыг нэлээд хөнгөвчилж шуурхай болгосон байдаг.

Тухайлбал зөвхөн банк санхүүгийн байгууллагаас авсан зээл төдийгүй орон сууцны түрээс, дулаан цахилгааны төлбөр, гар утасны төлбөр гэх мэт дараа төлбөрт үйлчилгээний төлбөрөө хэрхэн барагдуулдаг талаар түүхэн мэдээллүүдийг нэгтгэж тухайн мэдээлэлдээ тодорхой математик загварчлалаар боловсруулалт хийн үр дүнг тоон утгаар илэрхийлснийг зээлдэгчийн оноо гэнэ. 

Зээлдэгчийн оноог тооцохдоо хэд хэдэн үзүүлэлтийг тооцоолдог. Үүнд тухайн харилцагчийн зээлийн түүх үүссэн хугацаа, авч байсан зээлийн хэмжээ, одоо байгаа зээлийн төрөл хэлбэр, үлдэгдэл, зээл болон дээр дурьдсан дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлсөн эсэх гэх мэт. 

Хэдийгээр та өмнө зээл авч байгаагүй боловч бусад төлбөр тооцоогоо цаг тухайд нь төлдөг бол та тодорхой хэмжээний санхүүгийн хариуцлагатайд тооцогдож харьцангуй өндөр оноотой байна. 

Арилжааны банк таны энэ өндөр оноог хангалттай гэж үзвэл бага хэмжээний зээлийг ямар нэг барьцаагүй олгох боломжтой. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын олгож байгаа дийлэнхи зээл барьцаатай олгогдож байгаа. Мөн жижиг бизнесүүдийн хувьд дийлэнхдээ үл хөдлөх хөрөнгөгүй, барьцаа болгох зүйл хомс, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь үнэлгээ бага учраас зээл авна гэдэг хүнд даваа.

Иргэд зөвхөн цахилгаан бараа худалдан авахын тулд орлогоо тодорхойлуулна, тухайн бараагаа барьцаа болгоно, дээрээс нь хэрэв зээлийн хэмжээ их бол заавал үл хөдлөх барьцаалах эсвэл батлан даагчтай байх шаардлага тавигддаг. Хэрэв та хэд хэдэн зээл авч түүнийгээ сайн үнэлгээтэй эргүүлэн төлж байсан бол та маш сайн зээлдэгчид тооцогдож таны оноо өндөр байх бөгөөд та аль ч банкнаас илүү давуу нөхцөл, хүүтэйгээр хамгийн гол нь барьцаагүй зээл авах боломжтой болно. Таны нэр хүнд, өөрийн үнэлэмж тухайн зээлийн барьцаа болж байна гэсэн үг. 

Банкны хүү тухайн зээлдэгчийн эрсдэлэээс буюу онооноос хамаарч уян хатан байх болно. Мэдээж хэрэг өндөр оноотой бол бага хүү сайн нөхцөлтэй зээл авах бол, эсрэгээр бага оноотой бол өндөр хүү төлөх хэрэгтэй болно. 

“Хэрэв зээлдэгчийн онооны системийг үр дүнтэй хэрэгжүүлээд эхэлбэл арилжааны банкууд хэрэглээний зээл, бага дүнтэй зээлийг олгох журамдаа өөрчлөлт оруулж онооны хязгаараар нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох боломжтой” 

Хэрэв зээлдэгчийн онооны системийг үр дүнтэй хэрэгжүүлээд эхэлбэл арилжааны банкууд хэрэглээний зээл, бага дүнтэй зээлийг олгох журамдаа өөрчлөлт оруулж онооны хязгаараар нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох боломжтой.

Жишээлбэл: Зээлдэгчдэд 1-100 хүртэл оноо олгодог гэз үзвэл, 80-100 оноотой хэрэглэгчдэд 5 сая хүртэл төгрөгийн зээлийг газар дээр нь олгох, 50-80 оноотой бол 3 сая хүртэл, 50 хүртэл оноотой зээлдэгчийн хувьд нэмэлт материал шаардлагатай гэх мэтээр зээлийн журам өөрчлөгдөх боломжтой. 

Тэр бүү хэл зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа сайн хөгжсөн орнуудад хэрэв та өндөр оноотой сайн зээлдэгч бол таны харилцагч банк таныг хүсэлт тавиагүй байсан ч таньд тусгайлан зориулсан зээлийн картыг таны гэрийн хаягаар явуулж санал болгодог. Та хэрэв тухайн картыг ашиглахыг хүсвэл аль нэг АТМ дээр очиж идэвхижүүлэхэд л хангалттай. 

Дийлэнхи зээлийн мэдээллийн сангууд зээлдэгчиддээ өөрсдийн зээлийн мэдээлэлийн лавлагааг авах боломжийг олгодог. Ингэснээр өөрийн мэдээлэлд ямар нэг алдаа байгаа эсэх, таны зөвшөөрөлгүй аливаа лавлагаа авсан эсэхийг хянах боломжийг олгодог. 

Монгол улсын зээлийн мэдээллийн сангийн хуулинд зээлдэгч өөрийн зээлийн мэдээллийн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах эрхтэй байхаар журамласан байна.

Мөн банк санхүүгийн байгууллага нь зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зөвшөөрлийн дагуу мэдээллийн санд явуулах, мөн лавлагааг зөвхөн эрсдэлийг үнэлэх зорилгооор ашиглах ёстой гэж хуулинд хязгаарлалт хийж өгсөн байдаг. 

Б.Батбаяр /Зээлийн мэдээллийн төв ХХК/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.