Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн гаралт 1.7 хувиар өсчээ

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 11 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Он гарсаар нийслэлийн хэмжээнд хэчнээн гэмт хэрэг бүртгэгдсэн байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хоногт дунджаар 1,500-2,000 гэмт хэрэг, зөрчлийн тухай дуудлага мэдээлэл ирж байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг дэх нэг цагдаагийн хэлтэс хоногт 100-130 хэрэг, зөрчлийн тухай дуудлага ирдэг.

Нийт ирсэн дуудлагын 60-70 нь гэмт хэргийн, 1,000-1,100 нь зөрчлийн, 450-500 нь согтуугийн, 400- 450 нь зам тээврийн ослын дуудлага мэдээлэл байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 406,137 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 15,257 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 61 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь өмнө оны мөн үеийнхтэй харьцуулахад 252 хэргээр буюу 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Бүртгэгдсэн гэмт хэргийн ихэнх хувийг ямар хэрэг эзэлж байна вэ? 

-Нийслэлд бүртгэгдсэн нийт 15,257 гэмт хэргийн ихэнх буюу 34.4 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. Тиймээс цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

Мөн хулгайн эд зүйлсийг зарж, борлуулах зах зээлийг хаах зорилгоор барьцааны мэдээллийн цахим бүртгэл, хяналтын системийг бий болгохоор ажиллаж байна.

Мөн гэмт хэрэг захиргааны зөрчлийн мэдээллийг бүрэн хэмжээгээр газрын зурагт тэмдэглэж, түүнд тулгуурлан гэмт хэргийн мэдээллийг судлан дүн шинжилгээ хийх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хүч, техник хэрэгслийг оновчтой хуваарилах зэрэгт ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад орны хууль сахиулах байгууллагуудад хэрэглэгддэг ArcGIS газар зүйн мэдээллийн системд суурилсан “Гэмт хэргийн цахим зураглал”- ыг боловсруулан туршиж ажиллалаа.

-“Гэмт хэргийн цахим зураглал”-ыг боловсруулан туршиж байна гэлээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-“Гэмт хэргийн цахим зураглал систем”-ийг нэвтрүүлснээр гэмт хэрэг болон хэв журмын нөхцөл байдлыг дүгнэх, гэмт хэрэгт өртөөд буй эмзэг цэгүүдийг тодорхойлон гэмт хэргийг үйлдсэний дараа олж илрүүлэх бус үйлдэгдэхээс өмнө шалтгаалан нөхцөлийг арилгах, хариу арга хэмжээ авч гэмт хэрэг, захиргааны зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Гэхдээ нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн “Гэмт хэргийн цахим зураглалын систем”- ийг хөгжүүлэн боловсронгуй болгож эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нэгдсэн төв бий болгон үр дүнг тооцохоор төлөвлөсөн.

-Цаашид гэмт хэргийн гаралтыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Нийслэлийн гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Теле хяналтын камер” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд суурилагдан ашиглагдаж байгаа 1,600 ширхэг телехяналтын камерыг удирдлагын нэгдсэн төвтэй холбох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй, эмзэг цэгийн судалгааг гаргаж, шинээр хяналтын камерыг байршуулан нэгдсэн төвтэй холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Түүнчлэн бид “Эргүүл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд хэв журмын урамшилт эргүүлийг ажиллуулах 4,000 чиглэлийн судалгааг гаргах ажлыг эхлүүлсэн.

Зураг