Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN
 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Хүрэлбаатар, УИХ-дахь МАН бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав.

Санал, дүгнэлттэй холбогдуулж үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй учир Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй 40 саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Ажлын хэсгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр гаргасан 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь  дэмжив. 

Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20,000.0 сая, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30,000.0 сая төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50,000.0 сая төгрөгөөр, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хувьцааны ногдол ашгийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7,000.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжлээ.

Төсвийн орлого бууруулах чиглэлээр ажлын хэсгээс Өвөрхангай аймгийн 2017 оны төсвийн суурь орлогыг 621.6 сая төгрөгөөр, бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардлыг 1.0 хувиар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50.0 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр, Спортыг дэмжих болон Соёл урлагийг дэмжих сангуудын урсгал зардлаас нийт 4,000.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг 2017 оны төсвийн жилд ашиглан Засгийн газрын гаргах үнэт цаасны хэмжээг бууруулсантай холбоотойгоор хүүгийн зардлыг 47,993.4 сая төгрөгөөр бууруулахаар гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Хүүхэд харах үйлчилгээнд 5.8 тэрбум төгрөг төсөвлөв 

Түүнчлэн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэхэд ажлын хэсгээс зургаан санал гаргасан юм. Тухайлбал, 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 92,816.1 сая, Прокурорын цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9,462.4 сая, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 341.8 сая, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьсах зардлыг 1,968.8 сая, Өвөрхангай аймгийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 1,296.0 сая, Хөвсгөл аймгийн халамжийн сангийн зардлыг 1,376.6 сая, Дорнод аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг 270.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд тус тус дэмжигдэв.

Мөн Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх төслийн нэгжийн Монгол Улсын Засгийн газрын хариуцах урсгал зардал 205.9 сая төгрөгийг төсөлд тусгах, Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,800.0 сая төгрөгийг нэмэх саналууд ч гишүүдийн олонхийг дэмжлэгийг авлаа.

Төсвийн тэнцлийг сайжруулахаар ажлын хэсгээс Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдэл болох 329,688.7 сая төгрөгийн эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж Засгийн газрын гаргах үнэт цаасны дүнг бууруулах, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахгүй болсонтой холбоотойгоор хүүгийн орлогыг 4,700.0 сая төгрөгөөр бууруулах саналуудыг гаргасан юм. Эдгээр саналуудыг гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Хавдар судлалын үндэсний төвд сити томографын аппарат худалдан авч суурилуулах зардалд 1,600.0 сая, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

ШЕЗ-ийн ажлын албаны орон тоог 50 хувиар багасгаж, урсгал зардлыг 765 сая төгрөгөөр бууруулах санал дэмжигдэв 

Үүниий дараа төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар АН, МАН бүлэг, бусад байнгын хорооны гишүүдээс гаргасан дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 70 санал байсан юм. 

Эдгээр саналууд ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нарын гаргасан “Эрдэнэт дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн санг хоослоход зориулж 6,040.0 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах саналыг гишүүдийн 52.9 хувь нь дэмжив.

Гэвч Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-дахь МАН бүлэг болон байнгын хорооны хуралдаан дээр 2017 оны төсвийн тэнцлийг сайжруулахын тулд шинээр баригдах барилга, урсгал зардалтай холбогдуулан сайд нарын багцад нэмж тусгасан саналыг дэмжихгүй байхаар тохирсныг санууллаа. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир уг саналаа татсан юм.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.