Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистанд гэр бүл салсан хосуудыг хэвлэлээр зарлаж нэрийг нь гутаадаг болох гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Узбекистаны нийслэл Ташкент хотын дарга сүүлийн үед тус хотод нэмэгдэх болсон гэр бүл салалтыг бууруулахын тулд хосуудын нэрийг хэвлэлээр зарладаг болох тухайгаа ярьжээ.

Хотын дарга Рахмонбек Усмановын төлөвлөгөө ёсоор салсан хосуудын нэрийг телевизийн сувгаар болон өдөр тутмын сонингоор нийтэд зарлах юм байна

Өнгөрсөн долоо хоногт болсон албаны уулзалтын үеэр тэр мэдээлэхдээ 2016 оны эхний есөн сарын байдлаар Узбекистаны 14 мужийн гэр бүл салалтыг 32 хувийн салалтаар Ташкент хот тэргүүлж байна гэжээ. Өөрөөр хэлбэл 100 гэрлэлт тутмын 32 нь салалтаар өндөрлөж байгаа гэнэ.

Түүний дараа орж байгаа Жиззах мужид энэ үзүүлэлт 14 хувьтай байгаагаас үзвэл Ташкент хотын нөхцөл байдал ямар байгаа нь харагдаж байгаа аж. Бусад бүс нутгуудын ихэнх нь 10-аас бага хувийн үзүүлэлттэй байгаа гэнэ.

Усмановын хэлснээр хагас сар тутамд Ташкент Телеканал сувгаар оройн 11:00 цагт азгүй хосуудын нэрийг зарлах бол Ташкентын Үдэш сонинд мөн жагсаалтыг хэвлэх юм байна.

Хэрвээ энэ ажиллагаа үр дүнд хүрэхгүй бол Усманов дараагийн алхамд шилжиж хосуудын гэрэл зургийг хэвлэлээр тараахаа амлажээ.

Рахмонбек Усмановыг талийгаач ерөнхийлөгч Ислам Каримов 2012 онд Ташкент хотын даргаар томилсон юм. Тэрээр үе үе дуулиантай шийдвэр гаргадгаараа алдартай нэгэн гэнэ.

Усмановын үзэж байгаагаар гэрлэлт бүтэлгүйтдэг гол шалтгаан нь хадам эх, бэрийн харилцаа ажээ. Уламжлал ёсоор нөхөрт гарсан бүсгүй хадам эхийн мэдэлд бүрэн шилжиж, гэр бүл дотроо ихээхэн үүрэг хариуцлага хүлээх болдог нь багагүй дарамт болдог гэнэ.

Тиймээс Усманов дарга хадам эх, бэрүүдийг эв нэгдэлтэй байхыг бас уриалжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty